Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт НҮБ-ын Хүүхдийн сангийн
суурин төлөөлөгч Роберто Бенес болон энэхүү сургалтын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн сумдын ИТХ-ын дарга, Засаг
дарга. Тамгын газрын дарга нарт болон нийт оролцогч та бүхэнд энэхүү өглөөний
мэндийг хүргэн мэндчилж байна.
Хөвсгөл аймгийн
Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран зохион
байгуулж байгаа энэхүү сургалтын гол агуулга нь орон нутагт хариуцлагатай, сайн
засаглалыг хэрхэн бий болгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах,
шийдвэр гаргах түвшинд хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг хэрхэн оновчтойгоор
тусгаж ажиллах талаар голлон ярилцаж нэгдсэн шийдэлд хүрнэ гэж ойлгож байна.
2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сонгогдож
томилогдсон улс төрийн удирдах албан тушаалтан , төсвийн ерөнхийлөн захирагч,
менежерүүдийг нэг дор анх удаагаа уулзах боломжийг бүрдүүлсэн бүх хүмүүс, хамт
олонд талархал илэрхийлье. Өнгөрсөн сонгуулийн үр дүнд сумдын ИТХ-ын дарга
нарын 69.5% нь, Засаг дарга нарын 62.5 хувь нь шинээр сонгогдон томилогджээ.
Эдгээрийн дотор анх удаа томилогдсон залуучууд олон байна. МАН Хөвсгөл аймагт сүүлийн 3 удаагийн орон
нутгийн сонгуульд ялалт байгуулж бодлогоо хэрэгжүүлэн ажиллаж байна. Иймээс
хэрэгжүүлж буй бодлогоо тогтвортой бөгөөд илүү дэвшилттэй, залгамж халаатай
үргэлжлүүлэхэд та бүхний мэдлэг чадвар, хичээл зүтгэл нэн чухал юм. Аймгийн
зүгээс та бүхэнд бодлого, зорилго, зорилтуудаа, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн
ажлуудаа хир сайн ойлгуулахаас та бидний ажлын нэгдсэн үр дүн 2020 онд гарна.
Энэ ч зорилгын үүднээс та бид өнөөдөр хуран чуулж байна.
Аль ч шатны ИТХ-ыг Нутгийн өөрөө удирдах байгууллага
гэхээс илүүтэй Засаглалын нэг номерийн институт гэдэг ойлголт нэгэнт бий
болжээ. Өнөөдрийн энэ дүгнэлт үнэлэмжийг орон нутгийн хөрсөнд зөв буулгаж
хэрэгжүүлэх ёстой. ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын засаглалын харьцаа, хэм хэмжээг
зөв төлөвшүүлж харилцан уялдаатай үйл ажиллагаа өнөөдөр та бидний ажилд нэн
чухал байна.
ИТХ шийдвэр гаргах эрх зүйн түвшинд ажилладаг субъектийн
хувьд дараах хэдэн зүйлийг анхаарах
ёстой.
1. ИТХ, ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан
шийдвэр нэгэнт гарсан л бол бүрэн хэрэгждэг байх ёстой. Гарсан шийдвэр цаасан
дээр үлдэж хавтсанд орон мартагддаг цаг үе нэгэнт өнгөрсөн. ИТХ бүрэн эрхийнхээ
хүрээнд батлан гаргасан бүхий л шийдвэр бүрийг Засаг дарга, ЗДТГ, хяналтандаа
авч төрийн албан хаагч бүр хөтлөх хэргийн жагсаалтандаа авсан байх хэрэгтэй.
2.ИТХ, тэргүүлэгчид гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэнд
байнга анхаарал тавьж, хэрэгжилт үр дүнг тусгай графикаар тооцон ИТХ,
тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтмол хэлэлцүүлж сайн хэрэгжүүлж буй албан
тушаалтнуудыг сайшааж, хангалтгүй хэрэгжүүлж буй албан тушаалтнуудад
хариуцлагын арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй.
3. ИТХ, ИТХ-ын хуралдаанд хэлэлцүүлэн гаргах гэж буй
шийдвэрүүдийн боловсруулалтанд хууль эрх зүйн үндэслэл, бичиг хэргийн стандарт,
агуулга, найруулга зэрэг ерөнхий шаардлагад нийцсэн байхад онцгой анхаарах
хэрэгтэй.
4. ИТХ, тэргүүлэгчдийн хурлаас баталсан шийдвэр,
хөтөлбөрүүдийг санхүүжилтийн тодорхой эх үүсвэртэй баталж байх
5. Орон нутаг, сумдын удирдлагууд ИТХ-аас гарсан шийдвэрүүд
болон Монгол улсын ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас гаргасан шйидвэрүүдийг
төрийн байгууллага, албан хаагчид хяналтандаа авч хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй
байна.
6.Бидний анхаарах дараагийн чухал асуудал бол төрийн
албан хаагчдын сэтгэлгээний хандлагад өөрчлөлт хийх явдал юм. Орчин үед мэдлэг
боловсролоос илүү зөв сэтгэл, зөв хандлага, төлөвшилтэй, төрийн албыг хувийн
эрх ашгаас дээгүүр тавьж чаддаг шударга, хөдөлмөрч, өөрийгөө хөгжүүлдэг албан
хаагчийг илүү үнэлдэг болсон. Тиймээс боловсон хүчний сонголт, томилгоонд
анхаарч ажиллахыг та бүхнээс хүсч байна.
7. УИХ-ын гишүүн, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгч нартайгаа
байнгын харилцаа, эргэх холбоотой хамтарч ажиллах замаар орон нутагтаа
тулгамдаж буй асуудлуудыг харилцан ярилцаж шуурхай шийдвэрлэж ажиллаж байх.
8. Бүх шатны төлөөлөгч нарын иргэд сонгогчидтойгоо
ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэн хамтран
ажиллах.
9. Хариуцлагын асуудлыг бүх шатанд ярих
10. Орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалт, үр ашгийг
дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллах.
Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг гол 2 байгууллага
болох сумдын ИТХ, Засаг даргын хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж
ажиллах явдал бидний анхаарах хамгийн чухал асуудлын нэг гэж үзэж байна.
Монгол
Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын Засаг
захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь Нутгийн өөрөө удирдах ёсыг
төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж тодорхойлсон
билээ.
Үндсэн
хуулийн энэхүү заалт нь Нутгийн удирдлагын Өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ,
Төрийн удирдлага болох Засаг даргын үйл ажиллагааны салшгүй нэгдмэл байх эрх
зүйн үндэс болж байгаа юм. Энэ хоёрын тэнцвэр дээр орон нутгийн удирдлага
хэрэгжих учиртай.
Нутгийн
удирдлагын энэ 2 субъект нь ажиллах зарчим, эрх мэдэл, хүлээх хариуцлага, бүтэц
зохион байгуулалтаараа ялгаатай хэдий ч нэгэн зорилго зорилтын төлөө ажилладаг.
Энэ нь Хурал, Засаг даргын ажиллах нутаг дэвсгэр, хүн ам, хүрэх зорилго,
хамгаалах эрх ашиг нэг байдагтай холбоотой юм.
Мөн
Төрийн хууль, Засгийн газрын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх адил үүрэгтэй
билээ. Иймд нутгийн удирдлагын энэ 2 субъектын удирдлагын нэгдлийг хангах нь
нутгийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага болж байна. Үүний
тулд ИТХ, Засаг дарга нь хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу ажиллахын хамт
үйл ажиллагаагаа байнга уялдуулан зохицуулж харилцан хамтарч ажиллах ёстой.
Засаг
дарга Хурлаа хэдий чинээ түшиж ажиллаж чадаж байна, Хурал нь Засаг даргадаа
итгэл өгч гар нийлж ажиллаж чаддаг байх хэрэгтэй.
Хурал, Засаг даргын үйл ажиллагааны нэгдмэл
байдлыг хангах гол гүүр нь ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Засаг
даргын тамгын газрын дарга хоёрын ажлын уялдаа холбоо, хамтач ажиллагаанаас
ихээхэн хамаардагийг онцгой анхаарах ёстой гэдгийг зориуд тэмдэглэн хэлэхийг
хүсч байна.
Хурал,
Засаг даргын харилцан ажиллагааны хэлбэрүүдийг Монгол Улсын Засаг захиргаа,
нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль”- нд тодорхойлон заасан
байдаг. Тухайлбал:
1.
Засаг дарга сонгуулийн бүрэн эрхийнхээ хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийг
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаараа хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлдэг.
Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ИТХ-аар хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгч
ажилладаг. Энэ нь ИТХ нь нутаг дэвсгэрийнхээ хөгжлийн бодлогоо тодорхойлж,
Засаг дарга нь хэрэгжүүлдэг гол зарчим юм.
2.
Тухайн нутаг дэвсгэрт төрийн захиргааны байгууллагын баримтлах бодлого, дагаж
мөрдөх журмыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хурлаар
хэлэлцэн баталж түүнийг Засаг дарга хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
3.
ИТХ, Тэргүүлэгчдийн хуралд Засаг дарга асуудал санаачлан оруулж шийдвэр
гаргуулан түүнийгээ бүрэн хэрэгжүүлж ИТХ-даа тайлагнаж хариуцлагыг бүрэн
хүлээдэг байх ёстой.
4.
ИТХ-д Засаг дарга ажлаа тайлагнаж үнэлэлт, дүгнэлт, үүрэг чиглэл авна.
Орон
нутгийн удирдлагын хоёр тулгуур багана болсон Хурал, Засаг даргын хоорондын
харилцаанд зөрчил, үл ойлголцол үүсвэл төр захиргааны байгууллагын нэр хүндийг
сулруулж ажлын эрх ашгийг хохирооход хүрнэ гэдгийг хатуу ойлговол зохино.
Сумдын
ИТХ-ын дарга, Засаг дарга нар дараах асуудалд анхаарлаа хандуулж ажиллах нь
зүйтэй гэж үзэж байна.
1.Юуны
өмнө ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нутгийн удирдлагын болон төр захиргааны
ажлын мэдлэгийг нэгдмэл болгох, хамтарсан сургалт, семинар, хурал, зөвлөгөөн
уулзалт ярилцлагыг тогтмол зохион байгуулах
2.
Хурал, Засаг дарга өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлж албан тушаалаа ашиглахгүй
байх, хүлээцтэй хандах, бие биенээ хүндэтгэх, ухаалаг зөвшилцөл дээр нэг нэгнээ
дэмжиж ажиллах
3.
Хурал, Засаг даргын эрх үүргийн тэнцвэрийг хангаж Тухайлбал: боловсон хүчнийг
томилохдоо Засаг дарга ИТХ-тайгаа зөвшилцөж, сар бүр хийх ажлынхаа бодлого
чиглэлийг хамтран ярилцаж шийдвэрлэдэг байх
4.
Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх, тэдэнд тусламж, тэтгэмж олгох асуудлыг
ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэр гаргуулж байх
5.
Нутаг дэвсгэрийн аливаа асуудлаар
шийдвэр гаргахдаа Хурал, Засаг дарга нэгдмэл нэг байр сууринаас хандаж ажиллах
ёстой.
6.
Хурал, Засаг даргын харилцан ажиллагааны явцад үүсч болох зөрчлийг ухаалагаар
зөвшилцөх, харилцан буулт хийх, бие биенээ дэмжих, хүндэтгэх аргыг гол зарчим
болгож ажиллах нь зүйтэй. Ингэж ажиллаж чадсанаар нутгийн удирдлагын нэр хүнд
ажлын үр нөлөө дээшлэх нөхцөл бүрдэх болно.
Миний илтгэлийн дараагийн нэг чухал сэдэв бол Хүүхдийн
эрх, хамгаалал, хөгжлийн асуудал юм.
Хөвсгөл аймаг 0-18 насны 47718 хүүхэдтэй бөгөөд нийт хүн
амын 37.2 хувийг эзэлж, нийт хүүхдийн 61.6 хувь буюу 29410 нь сургуулийн насны,
24.9 хувь буюу 11896 нь сургуулийн өмнөх 2-5 насны, 13.4 хувь буюу 6412 нь 0-1
насны хүүхэд байгаа нь хүн ам зүйн бүтцийн хувьд Хөвсгөл аймаг харьцангуй залуу
бүтэцтэйг харуулж байна. Үүнийг даган энэхүү аймгийн ирээдүйг бүтээх хүүхэд
багачуудын асуудалд тавих анхаарал тэр хирээр өндөр байх ёстой.
Хүүхдийн хөгжил хамгааллын асуудлыг эцэг эх гэр бүл,
сургууль цэцэрлэгийн орчин, хоол тэжээл, эрүүл мэндийн асуудал гэсэн үндсэн
хэсэгт хуваан авч үзэж болно. Аймаг орон нутгийн зүгээс сургууль цэцэрлэгийн
хүрэлцээ хангамжийг сайжруулах, өргөтгөл, их засварын ажлуудыг хийх чиглэлд
анхааран ажиллаж ирсэн бөгөөд өнөөдөр ихэнхи сумдын сургууль, цэцэрлэг
стандартын шаардлага хангахуйц барилгатай болсон.
Өнгөрсөн хугацаанд Хөвсгөл аймаг НҮБ-ын Хүүхдийн сангийн
дэмжлэгтэйгээр “Хүүхдэд ээлтэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж алслагдсан олон
сумдын сургуулийн дотуур байр, усан хангамж, стандартын 00-той болох асуудлыг
шийдвэрлэж чадсанаар сургуулийн орчинд хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах
чиглэлээр томоохон үр дүнд хүрч чадсан нь энэхүү хөтөлбөрийн бас нэгэн томоохон
ололт мөн юм.
Хүүхдийн эрх хамгааллын асуудлаар манай аймагт үйл
ажиллагаа явуулахад НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагууд
ихээхэн хувь нэмэр, дэмжлэг туслалцааг үзүүлэн орон нутгийн засаг захиргааны
болон төрийн харъяалсан байгууллагуудтай уялдаа холбоо сайтай ажиллаж ирсэнийг
энд зориуд цохон тэмдэглэж баяр талархлаа илэрхийлье.
Өнгөрч
буй 2016 онд Аймгийн ИТХ-аас батлан гаргасан аймгийн Засаг даргын “Хөгжлийн
хөтөч” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Эрүүл иргэн- Эрхэм баялаг” эрүүл мэндийн дэд хөтөлбөр, “Оюунлаг-
Хөвсгөл” боловсролын дэд хөтөлбөр, “Хамгаалагдсан хүүхэд- Аз жаргалтай гэр
бүл”, “Ажилтай орлоготой- Хөвсгөл” хүн ам зүй, хөдөлмөр эрхлэлтийн дэд
хөтөлбөр зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд дээрхи
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэн
хэрэгжилт, үр дүнд хяналт тавин ажиллах болно. 2 үе шаттай хэрэгжих дээрхи
хөтөлбөрийн 1-р үе шат болох 2016-2018 оны хөтөлбөр хүрэх үр дүндээ чиглэсэн
ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаагийн нэг нь энэхүү арга хэмжээ гэж ойлгож
байна.
Аймгийн
хэмжээнд жилд дунджаар 3400 гаруй хүүхэд шинээр мэндэлж, төрөлт жилд 5.0 хувиар
өсч байна. Хүн амын 15.5 хувийг 6 хүртэлх насны хүүхдүүд эзэлж, тэдний талаас
илүү хувь нь амьжиргааны баталгаажих түвшин доогуур өрхөд амьдарч байна. Мөн
түүнчлэн аймгийн нийт хүүхдийн 4.8 хувийг хагас өнчин, 0.4 хувийг бүтэн өнчин
хүүхдүүд эзэлдэг, хөгжлийн бэрхшээлтэй, асрамж сувилгаа шаардлагатай хүүхдүүд хэрэгцээт
тусламж үйлчилгээгээ авч чадахгүй байгаа зэрэг олон бэрхшээлтэй асуудал бидний
өмнө тулгамдсан хэвээр байна. Мэдээж энэ бүхнийг нэг дор, эсвэл 4 жилийн дотор
цогцоор нь бүрэн шийдвэрлэх боломж байхгүй бөгөөд тодорхой хөтөлбөр,
төлөвлөгөө, үе шаттайгаар асуудлыг шийдвэрлэх чиглэлээр та бид хамтран ажиллах
ёстой.
Аймаг,
сумдын Хүүхдийн төлөө зөвлөлүүд, тэдгээрийн тэргүүн болох шат шатны засаг дарга
нар үйл ажиллагаагаа энэхүү хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой
анхаарч өөрийн орон нутагтаа хүүхдийн эрх хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй
байдлыг нэмэгдүүлэх бодлогыг тууштай баримтлан 2020 онд хүрэхээр төлөвлөсөн
зорилтдоо бүрэн хүрэхийн төлөө хичээн ажиллах хэрэгтэйг зориуд тэмдэглэн хэлье.
Мөн гэмт хэрэг зөрчил, мансууруулах бодис, сэтгэцэд
нөлөөлөх эм бэлдмэл, архи тамхи, хорт зуршлын хэрэглээ, хүүхэд хулгайлах, цахим
орчинд хүүхдийн эрхийг зөрчих зэрэг урьд өмнө төдий л танил болоогүй зүйлс
өнөөдөр үүдэнд ирэн хаалга тогших хэмжээнд хүрсэнийг хууль хяналтын болон,
хүүхдийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын мэдээ, тайлан
илтгэлээс харж болхоор байна. Үүнийг шат
шатны удирдлагууд анхааралдаа авч урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль хяналтын
болон төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллахыг
уриалж байна. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах зөвлөлийн зүгээс ч мөн дээрхи асуудлуудлуудад анхаарал хандуулан
ажиллаж та бүхнийг хэрэгцээт мэдээлэлээр хангаж ажиллах болно.
Гурван хүн тутмын нэг нь хүүхэд хэмээн бүртгэгдсэн манай
улсад нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалан хүүхдийн эрхийн
асуудал хөндөгдсөөр байна. Гэр бүлийн хүчирхийлэл дарамтаас гадна үл хайхрах
байдал, эцэг эхийн анхаарал болгоомжгүй байдлаас болж ахуйн чанартай гал, усны аюул,
зам тээврийн осол, хурдан мориноос унаж бэртэх зэргээс болж жил бүр олон хүүхэд
амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгааг өдөр бүр мэдээллийн хэрэгслээр та бид
харж байгаа. Иймд эдгээр аюул ослоос хүүхдийг урьдчилан сэргийлэх, хамгаалах
талаар ойлголт хандлагыг олон улсын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран
эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүргэх хэрэгцээ шаардлага байгааг
анхаарч орон нутагтаа тодорхой арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг та
бүхэндээ уриалъя.
Энэхүү
3 өдрийн сургалт, семинарын үр дүн Хөвсгөл аймагт, сум багийн түвшинд бодит
өөрчлөлт, хамтын ажиллагааны шинэ үеийг авчирна гэдэгт итгэл төгс байгаагаа
илэрхийлэхийн хамт та бүхнийг эргэх холбоотой ажиллаж хийж хэрэгжүүлсэн ажлаа
тайлагнадаг, олон нийтэд сурталчилж тэднийхээ санал хүсэлт, хэрэгцээ шаардлагад
нийцүүлж хурдтай ажиллахыг хүсч ажилд тань амжилт хүсье.
Анхаарал
тавьсанд баярлалаа.
Аймгийн
ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар