2016 оны мал тооллогын урьдчилсан мэдээгээр Хөвсгөл аймаг маань 5 сая гаруй мал тоолуулж улсдаа II байрт жагсчээ. Нийтдээ адуу 223 мянга, үхэр 436 мянга, тэмээ 2,1 мянга, хонь 2,488 мянга, ямаа 1,937 мянгыг тус тус тоолуулсан байна. Энэ их амжилт бол манай малчдын уйгагүй хөдөлмөрийн үр шим юм. Тиймээс ч сар шинийн баярын өмнөхөн Монгол улс аварга малчин, тэргүүний тариаланчаа шалгаруулдаг уламжлалын дагуу Хөвсгөл нутгаас маань “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” хэмээх эрхэм хүндтэй цолоор:
1. Алаг-Эрдэнэ сумын малчин Бүүвэйн Баттогтох
2. Рэнчинлхүмбэ сумын малчин Чадраагийн Зинамядар
3. Төмөрбулаг сумын малчин Банзрагчийн Дашдондог
4. Шинэ-Идэр сумын малчин Лааганы Мишиг
5. Бүрэнтогтох сумын малчин Чойжилсүрэнгийн Ванчинбазар
6. Галт сумын малчин Гомбо-Очирын Шаравжамц
7. Жаргалант сумын малчин Жанжаагийн Гомбосүрэн
“МОНГОЛ УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН” хэмээх эрхэм хүндтэй цолоор:
Баянзүрх сумын малчин Өвгөлжийн Эрдэнэчимэг шалгарсан байна.
Сар шинийн босгон дээр аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж хөдөлмөрч шилдэг малчдаа шалгарууллаа. Аймгийн аварга малчин 63, хошой аварга малчин 4, аварга тариаланч 6, аварга саальчин 3, мянгат малчин 204 шалгарлаа.
Шидгүүдийг тодруулахдаа сум орон нутагтаа ажлын байрыг нэмэгдүүлсэн, иргэдийг малжуулсан, мал сүргээ тогтвортой өсгөсөн, мэргэжлийн болон төрийн байгууллагуудтай хамтарч ажилласан зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үзсэн байна. Аваргуудын шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд сар шинээс өмнө малчны хотонд очиж гардуулж байна..
Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, арвин их ашиг шимийг нь ард түмэндээ хүртээж, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж буй малчиддаа баяр хүргэж, ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.