Сумдын болон агентлагуудын дарга нарын нэгдсэн семинар боллоо.
Агентлаг, сумдын дарга нарын 2017 оны анхны ажил хэргийн семинар 01 дүгээр сарын 15 нд болж өнгөрлөө. Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, төсөв, санхүүгийн байдал, цаашдын төлөв, сум орон нутагт анхаарах асуудал болон цаг үеийн ажлын талаар аймгийн ЗДТГ-ын бодлогын хэлтсүүд мэдээлэл хийлээ. Семинарт аймгийн ИТХ-ийн дарга Л.Төмөрбаатар, аймгийн засаг дарга Л.Ганболд нар оролцож 2017 онд хүн амын бүлгүүдийн хөгжлийн асуудлаар сум, орон нутагт ямар чиглэлийг хэрэгжүүлж хамтран ажиллах талаар мэдээлэл хийв. Мөн энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа. 2017 онд дутуу баригдсан барилгын асуудлуудыг бүгдийг дуусгаж, шинээр сургууль, цэцэрлэг барих, 6 сумын эмнэлгийн шинэ машинтай болгох, аймгийн 130 мянган иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах, аялал жуулчлалын цогцолборуудыг барих ажлыг шат дараатай хийх, аймгийн төвд цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, Багийн эмч нарыг унаажуулах хөтөлбөрийг эхлүүлэх, Цагаан-Уул сумын жишгээр тэжээлийн ургамалыг тариалах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм. Аймгийн ЗДТГ-аас 2017 оныг “Хариуцлага, хамтын ажиллагааны жил” болгон зарлаж, ЗИС-ийн зарчим буюу Зүтгэж, Итгэж, Санаачилж ажиллахыг уриалан батламжилав. Сумдын удирдлагууд сум, орон нутагтаа очоод иргэдтэйгээ нэг сэтгэл, зүрхтэйгээр ажиллахыг аймгийн удирдлагууд захилаа.
Эх сурвалж: khovsgol.gov.mn