Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Засаг дарга нарын томилолт ба 335 шуудай цементээс эхэлсэн түүх

2017-01-17

Хөгжчихсөн л болохоос Өмнөд Солонгост ч хөдөө гэж байлаа. Тус улс хөдөөгөө харин яаж хөгжүүлсэн нь өдгөө олон улсад трэнд болж, дэлхийн 52 орны 400 гаруй тосгон суурин Солонгосоос суралцаж буй. Монгол Улсын Засгийн газар ч энэ загвараас нь суралцахаар, “номын дуу” сонсохоор 21 аймгийн Засаг даргаа илгээлээ. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан тус ажлын хэсэг БНСУ-ын Пусан хотын захиргааны урилгаар, цаад талынхаа зардлаар тус хотод энэ сарын 8-10-ны өдрүүдэд ажиллалаа.

Сайд Ж.Мөнхбат, юуны өмнө урилга илгээж, бас бүх зардлыг дааж буйд талархлаа илэрхийлэхэд Солонгосын тал “Бид нэг тив, бүр нэг бүс нутагт оршдог байхад та нар харин ч биднээс /”Шинэ хөдөлгөөн”-өөс/ суралцахаар оройтож ирж байна. Та бүхэн бидний гаргасан замын зардлаас ч их зүйлийг суралцана гэдэгт итгэлтэй байна” гэсээр угтсан юм.

Бидний туршлага судлах гэж очсон, 52 орон туршлага судалж буй хөдөөгөө хөгжүүлсэн Солонгосын загварыг дэлхийд “Шинэ тосгоны хөдөлгөөн” гэж нэрлэдэг юм. Энэ хөдөлгөөний түүх, эхлэл нь сонирхолтой.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүх аймгийн Засаг дарга нараа хотод дуудан семинар хийж, үүрэг чиглэл өгдөг шиг цугларалтыг солонгосууд ч хийдэг байжээ. Тодруулбал, Солонгосын Засгийн газар 1972 онд ийм уулзалтыг хийж, бүх муж, хотын дарга нараа Сөүлд дуудан чуулган хийжээ. Эндээс “Шинэ тосгон” хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн нь далайн зах хязгаар даган загас агнуур, тутарга ногооны талбай төдийхнөөр аж ахуйгаа хөтөлдөг байсан Солонгосын хөдөөг 30 гаруйхан жилийн дотор Сөүлээс нь дутахгүй хөгжилд хүргэсэн байна. Тус хөдөлгөөний санаачлагч нь өнөөдөр парламентынхаа импечметийн өмнө унаж, огцрох, огцрохгүй дээрээ дэнжигнэж яваа Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-гийн аав, Солонгос улсыг үсрэнгүй хөгжилд хүргэж таван удаа Ерөнхийлөгчөөр нь сонгогдож байсан Пак генерал юм. Хамгийн гол нь тэр үед Солонгос улсын эдийн засаг мөнгөгүй, ядуу байв. Орон нутагтаа хуваарилах хангалттай мөнгөгүй учир Пак Ерөнхийлөгч хөдөөг хөгжүүлэхийг ард түмэндээ уриалан Засгийн газраас тосгон бүрт 335 шуудай цемент өгчээ. Уг цементээр юу хийх, юу бүтээхээ тосгоныхон өөрсдөө шийднэ. Дараа нь тосгон бүрт мөн адил хэмжээний тоосго өгөв. Энэ мэтээр юу бүтээх эрх мэдлийг тосгоныхонд өгч, бүтээн байгуулалтынх нь гол түүхий эд, бүтээгдэхүүнийг Засгийн газраас дэмжлэг болгон өгч байв. Өөрөөр хэлбэл, тухайн тосгонд юу хамгийн хэрэгтэйг тосгоны иргэдээс өөр хэн ч мэдэхгүй гэж үзсэн хэрэг. Зарим тосгоныхон цементээрээ сургууль, эмнэлэг барьж байхад, зарим нь замаа тавьж байв. Хамгийн гол нь юу бүтээх шийдвэр гаргахад тосгоныхон бүгдээрээ оролцож байсан учраас бүтээх, хөгжих мөрөөдлийг хүн бүрт бий болгож чадсан байна. Энэ эерэг хандлага, Засгийн газрын хууль ёсны дэмжлэг хоёр нь л өнөөдөр дэлхийд гайхагдах “Шинэ хөдөлгөөн” гэх хөгжлийн шинэ загвар, шинэ трэндийг бий болгожээ. 335 шуудай цементээс 400 гаруй мужийн хөгжлийн загвар болсон түүх ийм буюу.

Засаг дарга нар дандаа “Шинэ тосгон хөдөлгөөн”-ий талаар мэдээлэл сонсоод яваагүй. Хэд хэдэн үйлдвэрийн газраар орж үйл ажиллагаатай нь танилцаж, зарим нь хамтын ажиллагаа тогтоох эхлэл тавьсан. Бараг л манай улсын 21 аймаг бүгдээрээ л Пусан хотын захиргаатай, төрийн болон хувийн өмчийн үйлдвэрийн газартай хамтран ажиллахаар тохирч, зарим нь санамж бичиг солилцохоор болсон. Орон нутаг удирдаж яваа Засаг дарга нар битгий хэл, тэднийг дагаж яваа хэвлэлийнхэн бидэнд ч “ингэж хөгжих юмсан, энийг нь суманд биш юмаа гэхэд Улаанбаатартаа бий болгочих юмсан, эдний сум нь манай улсын нийслэлээс илүү байгаа юм биш үү” гэх атаархал, харуусал зэрэг төрж байсныг нуух юун.

Яг үнэнийг хэлэхэд бид улсын нийслэлдээ хог хаягдлаа боловсруулах ганц үйлдвэргүй байхад бидний очсон Пусан хот гэхэд ийм үйлдвэрээ загвар болгон бусдад үзүүлж байх юм. Засаг дарга нар хог хаягдлын үйлдвэртэй танилцаад зогсохгүй толгой дотроо санаатай ирсэн биз ээ.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Пусан хотын захирагч Со Бён Сү-тэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, аялал жуулчлал, байгаль орчин, эдийн засаг, БНСУ-д амьдарч буй иргэдийн асуудлаар ярилцахдаа ч энэ талаар санал солилцож байв.

Бас нэгэн үнэнийг хэлэхэд, монголчууд бид улсын нийслэлдээ олимп зохион байгуулах эрх авах юмсан гэж мөрөөдөж явахад, манай улсад ардчилал эхлэхэд л хөгжиж эхэлж байсан Пёнчан гэж ердийн нэгэн тосгон 2018 оны өвлийн олимпийг тосгондоо зохион байгуулахаар бэлтгэлээ базааж бараг дуусч байгааг “Шинэ хөдөлгөөн”-ий шинэ үеийнхэн бидэнд хуучилсан юм. Тус хөдөлгөөний гол үзэл санаа нь “Бид чадна”. Үзэл санаа бол явах зүг чиг гэдэг. Үзэл санаа, зүг чигтэй учраас солонгосууд өнөөдөр Пусаныг жилдээ 3,5 сая жуулчин хүлээн авдаг аялал жуулчлалын томоохон хот болгож чадсан байна. Чадсан бэлэн жишээнээсээ хуваалцаж, манай улстай улсын аялал жуулчалын салбарт хамтран ажиллахыг сайд Ж.Мөнхбат Пусан хотын захиргааныхантай уулзахдаа хүссэн юм. Ганц аялал жуулчлал гэхгүй, нийслэлийн хог хаягдлыг боловсруулах үйлдвэр болон, сургууль, цэцэрлэг засварлах, барихад хамтран оролцохоо илэрхийлж, энэ тухай илүү тодорхой “бэлгийн богц”-оо энэ онд Улаанбаатар хотноо болох Улаанбаатар-Пусаны эдийн засгийн форумын үеэр задална гэдгээ тус хотын захиргааныхан мэдэгдсэн юм.

Жич: Монгол Улс 2016 оны 2 дугаар сард БНСУ-ын Пусан хотноо Консулын газраа нээж, улмаар шууд нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд энэ хавар Пусан хотноо монгол цэцэрлэг үйл ажиллагаа эхлэх гэж байгаа юм.Мэдээллийн эх сурвалж: Zasag.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%