Хөвсгөл аймаг НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрт аймгаар сонгогдон 2012-2016 онд олон төрлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд 2012 онд Хүүхэд хөгжил судалгааг Үндэсний Статистикийн Хороо болон НҮБ-ын Хүүхдийн сангийн техник, арга зүйн зөвлөмжтэйгээр Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтэс амжилттай зохион байгуулж явуулсан туршлагатай бөгөөд энэ онд “Хүүхэд хөгжил 2016” судалгааг дахин амжилттай явуулж хаалтаа хийлээ.
Судалгааны 5 баг 60 гаруй мянган км зам туулж 106 багийн 2650 өрхөөр орж ойролцоогоор 795000 асуултыг иргэдээс асууж ажиллажээ. Энэ удаагийн судалгааг цаас хэмнэсэн аргачлалаар буюу орчин үеийн мэдээллийн технологи ашиглаж таблетийн аргаар зохион байгуулсан анхны цогц судалгаа гэдгээрээ онцлог гэнэ. Давтан явуулж байгаа судалгаа нь эхний судалгаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх зорилготой төдийгүй цаашид бүс нутгийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх бодлогыг тодорхойлох, дэлхийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа Монгол Улс хэрхэн биелүүлж байгаад үнэлэлт өгөхөөрөө ач холбогдолтой ажээ.