Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой төрөх эмнэлэг улсын төсвийн хөрөнгө оруулалт 2,8 тэрбум төгрөгөөр баригдаж ашиглалтад ороод удаагүй байгаа боловч халаагуур нь цоорч ус гоожин дулаан алдаж чийгшилт үүссэн, хүйтэн, хүүхэд хатгаа авах эрсдэлтэй орчинд ээжүүд төрж байна.
Төрөх эмнэлгийн стандарт 20-оос дээш хэм байх шаардлагатай байдаг бол Мөрөн сумын төрөх эмнэлэг 12-15 хэм гадаа их хүйтэрсэн үед 10 хэм байгаа нь эмнэлэгийн тусламж үйлчилгээ явуулах, ээжүүд эрүүл аюулгүй нөхцөлд төрөх боломж алдагдах, нярай хатгаа авах зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэх аюултай тул аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн МХГ-ын дарга Д.Лхагвасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулан судалгаа явуулж асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж эхэллээ.
2013 онд ашиглалтад орсон уг барилгыг орон нутгийн "Урагшлах" компани 3 жилийн хугацаанд гүйцэтгэн, эрүүл мэндийн яам, барилга захиалагчийн алба захиалагчийн хяналт тавьж ажиллажээ. Төрөх эмнэлэг ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 75 ширхэг панелин халаагуур нь 3-5 удаа цоорч, удаа дараа гагнасан боловч цаашид ашиглах боломжгүй болсон байна.
Хөвсгөл аймагт жилд 2400 орчим эх төрдөг гэнэ.