Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УДАМ ДАМЖСАН ЗАМЫН ЦАГДАА

2016-11-22

Яагаад замын цагдаагийн мэргэжлийг сонгоо вэ?

Би бүр хүүхэд байхаасаа л замын цагдаа болно гэж мөрөөдсөн. Энэ хүсэл аавын минь нөлөө. Тав зургаатай даа аавыгаа даган эргүүлд явж эхэлсэн. Өдөржин хотын гудамжаар явж ирээд өрөөндөө бичиг цаасаа янзлахад нь сандал зэрэгцүүлж тавиад дээр нь унтана. Замын цагдаагийн ажлыг балчир биендээ мэдэрч тархи толгойдоо бат суулгаж авах үндэс тэр цагаас л тавигдсан юм шиг байгаа юм. Хэцүү хариуцлагатай хир нь олон түмэнтэй байнга ойр байдаг аавынхаа мэргэжлийг өвлөнө гэж эргэлтгүй шийдсэн нь энэ.

-Замын цагдаа хүний онцлого юу вэ? 

Хамгийн сайхан сэтгэлтэй хүн байх нь гол онцлого гэж би бодддог. Ямагт бусад хүмүүст тус болж явдаг алба. Зөрчил дутагдал гаргасан хэн ч бай тэр хүний оронд өөрийгөө тавьж боддог. Тийм учраас эхлээд хууль дүрэм ярихаасаа түрүүнд тэр хүний сэтгэл санааг таньж ойлгох нь чухал. Замын цагдаа нь бусад хүний дотроо бодож санаж байгааг илэрүүлж чадах нарийн мэдрэмж шаардсан ажил гэж би боддог. Хүнд хэзээ ч худлаа хэлж болохгүй гэж аав минь сургасан. Энэ үгийг эн түрүүнд эрхэмлэж явдаг.    

-Танай алба хүнээс өөр юу шаарддаг вэ?

Манай албанд бидний мэдлэг ур чадвар онцгой их нөлөөтөй. Өдөр дутмын жижиг аар саархан учралаас авхуулаад урьдаас тааварлах боломжгүй ээдрээ бэрхшээл дунд бид алба хаадаг. Цаг хугацаатай өрсөн хурдан шуурхай шийдвэр гаргах үе цаг ямагт тулгарна. Надад л гэхэд хүнд хэцүү осол болсон газар дээр очоод эмнэлгийн түргэн тусламж ирэхээс өмнө ухаан алдаад амьсгал нь тасарч байгаа хүний гүрээнийх нь гол судсыг хурдан гэгч олж дарж иллэг хийснээр амь насыг нь аварч байсан тохиолдол зөндөө бий. Замын цагдаа болгонд ийм юм тохиолддог. Амь өрссөн эгзэгтэй үед ямар арга хэмжээг хэрхэн яаж авах вэ гээд мэдлэг ур ухаан мэдрэмж их шаардагдана. Тэхээр замын цагдаа олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй болдог. Би багадаа аавыгаа дагаж явсан тэр цагт замын цагдаагийн албанд зөрчил тун бага гардаг, хүмүүсийн сахилга ч сайн байсан. Одоо авто машин олон болсон нь мэдээж цагдаагийн ачааллыг нэмсэн. Гэхдээ хамгийн их сэтгэл эмзэглүүлдэг нь энэ цагийн хүмүүсийн жолоо барих дүрмийн мэдлэг туйлын хангалтгүй, бас хуулиа сахидаггүй, дээр нь амин хувиа бодсон атгаг сэтгэл л бидний ажлын гол саад болох юм. Цаг зуурын энэ бэрхшээлийг илүү нарийн мэдэрч ажиллах шаардлагатай.  

Өөртэйгөө учирсан зарим нэг тохиолдлыг нь хэлж болох уу?

Хот хоорондын замд айхтар ноцтой осол гараад яаралтай дуудлагаар бид олуул очсон. Тэнд хүн харахын аргагүй нүд халтирсан. Манай залуус ч өөрсдөө ойртож чадахгүй халшираад байлаа. Олон хүн газар дээрээ нас барсан, амьтай голтой үлдсэн хэдэд нь минут секундээр л өрсөж тусламж үзүүлэх хэрэгтэй болсон. Надад “-За Хурцаа, чи л ийшээ орохгүй бол болохгүй нь...” гэсэн бодол толгойд гялсхийн орж ирэнгүүт өөртөө “-Хурдал!” гэсэн тушаал өгсөн. Автобусны хагархай цонхоор үсрэн орж хүмүүсийг ээлж дараалан өргөж гаргасан. Хурц үзүүртэй шилэнд гар хөлөө зүсүүлэхийг ч анзаараагүй. Тэр хүмүүсийг түргэний эмч ирж аваачин эмчилгээнд оруулсан. Тэд нар эрүүл саруул болцгоож одоо ажил төрлөө хийгээд явж байгааг харахад сайхан л байдаг юм. 

-Таны ажилдаа хэргэлдэг гол арга барил юу вэ? 

Зөрчил гарахаас сэргийлэхэд хүмүүст олон юм ярьж илүү үглэснээс сурталчилгааны үзүүлэн ашиглаж, кино үзүүлэх их ач тустай. “-Архи уусан үедээ жолоо бүү барь, дүрэм сайн биелүүл” гэж нэг л жижүүрийн албаны маягаар хэлэхийн оронд нөхөр ёсны өөриймсөг энгийн ганц хоёрхон үг ч хүний сэтгэлд хүрдэг. Олон л хүн сүүлд нь уулзаад “- Хурцаа, би ч тэрхэн үедээ чамд мөн ч их дургүй хүрч байж билээ. Хожим нь л ухаарсан. Чи л намайг тэр үед сэтгэл гарган сэрэмжлүүлээгүй бол надад ямар хүнд хэцүү юм тохиолдох байсныг тааварлахын аргагүй. Би их баярлаж явдаг шүү чамд” гэж хэлдэг л юм. Ингэж ойлгож ухаарсан нь овоо доо л гэж боддог. Тэхээр сэтгэл зүрхний угаас хүнд хандсан зөвлөмж тус л үр нөлөөгөө өгдөг нь энэ байх.  

-Ааваасаа сурч өвлөж авсан олон эрдэм чадвар байж таарна. Хамгийн гол нь юу вэ?

Миний аав үзэл суртал ухуулга хариуцсан ажилтан байсан үеэс л би зургаа долоон настайгаасаа аавыгаа даган хөдөө хотгүй явсан даа. Аав машинаа өөрөө барьж киногоо гарган лекц яриагаа давхар хийнэ. Одоо бодоход их л олон ажлыг ганцаараа амжуулдаг байжээ. Ухуулгын машин нь Оросын саарал фургон. Бид хоёр машиндаа кино гаргадаг аппарат хэрэгсэл чанга яригч дэлгэц гэрэл сэлтээ бүгдийг нь ачаад гарч өгнө. Хань болж яваа гол хүн би нойр хүрэхээрээ жолоочийн арын зорчигчдын бүхээгт байх аппарат хийсэн модон хайрцаган дээр нь гараад унтчихана. Ухуулга хийх газраа ирээд гэрлээ зоох, дэлгэцээ татах, холбогч залгуур кабель утсыг авчирах гээд чадах чинээгээр л би аавдаа дэм болно. Киноны аппаратын доороос түшдэг гурван модон хөлтөй тулгуурыг буулгаж зөөхөд л над шиг жулдрай амьтанд тун ч хүнд байдагсан. Гэсэн ч энэ бүхнийг тоолгүй аавыгаа дагаж явах л надад дээдийн жаргал байсан. Намайг өнөөдөр өдий зэрэгтэй явахад аавын минь нөмөр нөөлөг цаагуураа ийнхүү түшиг болсоор байжээ гэж одоо боддог. Аавын ажилсаг тэвчээртэй чанар, шударга хүнлэг зан л надад эрхэм дээ.   

-Албанаас гадуур юунд дуртай вэ?

Би техникт их дуртай. Оньсон техникийн хамгийн нарийн чимхлүүр манлай нь тэнгэрээр дүүлдэг. Ингэж боддог болохоор би нисэх онгоц цуглуулах хоббитой. Надад янз бүрийн улсын онгоцны гоё загварууд бий. Хажуугаар нь уул уурхайн хүнд машины загвар цуглуулж эхэлсэн. Найз нөхдөдөө захиж хол ойроос авчруулдаг. Тэд маань бэлэглэдэг. Онгоцны чамин загварууд сүрхий үнэтэй ч гэсэн би дуртай юмандаа гар татдаггүй.  

Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Сэсээрийн Хурцбилиг нь Улаанбаатар хотод 1976 онд төрсөн. Нийслэлийн 76-р дунд сургууль төгсөөд 1994-1998 онд Цагдаагийн Дээд Сургуулийг хуульч мэргэжлээр суралцаж төгссөн. Тэрбээр аав шигээ л  уйгагүй суралцаж яваа хүн. ШУТИС-ын автын инженер механикийн ангийг 2001-2003 онд сурч төгсөөд, Их Засаг Их Сургуульд 2011- 2013 онд эрх зүйн шинжлэх ухаанаар суралцаж магистр зэрэг хамгаалжээ. 1998-2005 онд Дархан хотын Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт байцаагч, 2006-2007 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн тасагт байцаагч, Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасагт 2007-2015 онд зохицуулагч, 2015 оноос ахлах зохицуулагчаар ажиллаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%