Аймгийн онцгой комиссын 10 дугаар хуралдааныг Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Л.Ганболд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр даргалан хуралдуулж дараах шийдвэроийг гаргасан байна.
Аймгийн ихэнх сумдын нутагт 2016 оны 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд нойтон цас орж, улмаар үргэлжлэх төлөвтэй байгаа тухай Ус цаг уур орчны шинжилгээний албаны дарга Г.Адьяасүрэн, Шинэ-Идэр, Улаан-Уул, Цагаан-Уул сумдад байрлах сум дундын өвсний фондод аймгийн нөөцөөс өвс татан байршуулах тухай ХХАГ-ын дарга Г.Батцогт, Хөвсгөл аймаг дахь улсын нөөцийн салбарын өвсний фондод өвс татан авч байршуулах тухай Хөвсгөл аймгийн улсын нөөцийн салбарын дарга,онцгой байдлын хошууч С.Батбаяр, 2016.10.06-наас эхлэн Улаан-Уул сумын 35квт-ын трансформатор шатсаны улмаас Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур сумд тог цахилгаангүй байгаа асуудлыг шийдвэрлэх боломжийн тухай Хөвсгөл Эрчим хүч ХХК-ны хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Б.Батлхагва, Тариалан суманд нээгдсэн Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн өргөтгөлийн ажилд шаардлагатай барилгын материалын тооцоо, Хөвсгөл нууранд Онцгой байдлын газраас эргүүл пост ажиллуулахад гарсан шатахууны зардлын асуудлыг шийдвэрлэх тухай Онцгой байдлын газрын орлогч, гамшгаас урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Онцгой байдлын дэд хурандаа Ё.Пүрэвсүрэн, Дулааны станцын өвөлжилтийн бэлтгэл хангасан байдлын тухай Дулааны цахилгаан станцын дарга Б.Ганзоригийн мэдээлэл зэрэг 6 асуудлыг авч,хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Ойрын өдрүүдэд аймгийн ихэнх нутагт нойтон цас их хэмжээгээр орж, цаашид зарим нутгаар энэ сарын 23 –ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа, мөн Дулааны цахилгаан Станцад татаж байсан 7 машин нүүрс “Хөх хөтөл”-ийн даваанд саатсантай холбогдуулан “Хөх хөтөл”-ийн давааны замыг цэвэрлэх шатахуун тосны асуудлыг нь шийдвэрлэж, “Хөвсгөл АЗЗА” компаниас тусгай зориулалтын 2 авто машиныг гаргаж, нүүрсийг даруй татан авахаар боллоо.
2. Шинэ-Идэр, Улаан-Уул Цагаан-Уул сумдад байрлах сум дундын өвс тэжээлийн фондод аймгийн нөөцөөс эхний ээлжид тус бүр 2 мянган боодол, нийт 6000 мянган боодол өвсийг байршуулахаар шийдвэрлэлээ.
3. Хөвсгөл аймаг дахь улсын нөөцийн салбарын өвсний фондод өвс яаралтай татан авч байршуулах асуудлыг хэлэлцээд Улсын нөөцийн салбарт тендерээр шалгарсан өвс бэлтгэж байгаа компанид 11 сарын 20 ноос өмнө өвс тэжээлийг байршуулж ажиллах үүрэг даалгаврыг өглөө
4. 2016.10.06-наас эхлэн Улаан-Уул сумын 35квт-ийн трансформатор шатсаны улмаас Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур сумд тог цахилгаангүй байгаа тухай Хөвсгөл Эрчим хүч ХХК-ны хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Б.Батлхагвын мэдээллийг авч хэлэлцлээ. Уг трансформатор Улаанбаатар хотоос 10 хоногийн хугацаанд засагдаж ирэхээр байсан ч техникийн шалгалт явуулах үед гэмтэл гарсан тул дахин 10 хоног сунгаж ажиллахаар боллоо.
Мөн дээрх сумдын Төрийн байгууллагын ажил үйлчилгээг тасралтгүй явуулах үүднээс зайлшгүй 380 моторыг шийдэж, сумандаа бүрэн үйлчилгээ явуулах тал дээр анхаарч ажиллуулах , трансформаторыг хамгийн шуурхай байдлаар шийдвэрлэх үүрэг даалгавар өгөгдлөө.
5. Тариалан суманд нээгдсэн Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн өргөтгөлийн ажилд шаардлагатай барилгын материалын тооцоог үндэслэн Гал унтраах аврах багийг дэмжиж, материалын асуудлыг шийдвэрлэж Хөвсгөл нууранд Онцгой байдлын газраас эргүүл пост ажиллуулахад гарсан шатахууны зардал мөн Усан замтай ганц аймгийн хувьд зуны хугацаанд явсан бензиний зардлыг шийдвэрлэлээ.
6. Өвөлжилтийн бэлтгэл ажил төв суурин газруудын асуудалтай холбоотойгоор Дулааны цахилгаан станцын удирдлага бүрэлдэхүүнд Мөрөн сумын дулаан болон нөөц бүрдүүлэх дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож, Үйл ажиллагаагаа 3 хоног тутамд мэдээллэж байх , хэрвээ мэдээллээ саатуулсан, өөр байдлаар ирүүлсэн бол тухайн удирдлагуудад хариуцлага тооцохыг анхаарууллаа.
Аймгийн Онцгой комиссоос дараах
үүргийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийнхаа иргэд, ААНБ-даа чиглэл болголоо.
-Аймаг, сумд хэмнэлтийн горимоор ажиллаж өр авлагыг барагдуулах арга хэмжээ хэрэгжүүлж, хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах
- Аж ахуй нэгжүүд иргэдрүүгээ хандсан арга хэмжээг онцгой өндөржүүлсэн байдалтай хэрэгжүүлж ажиллах
- Аймгийн Онцгой комиссоос гаргасан мэдээ мэдээллийг аймгийнхаа ард иргэдэд үнэн зөв түргэн шуурхай хүргэхийг аймгийн бүх хэвлэл мэдээллийн байгууллага үүрэг болгон ажиллах
Өвөлжилтийн бэлтгэл ажил болон орон нутагтай холбоотой санал гомдол, сум орон нутаг дахь ААНБ-уудын үйл ажиллагаа, хүндрэл бэрхшээл гээд бүх асуудлыг аймгийн Онцгой комиссоор дамжуулан улмаар цааш уламжлан шийдвэрлэж байх
Гарсан шийдвэрийг түргэн шуурхай сурталчилж, ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС