Олон улсын болон Монгол улсын "Ахмадын өдөр" -ийг тохиолдуулан өнөөдөр аймгийн ИТХ-аас тэтгэвэрт гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд тус байгууллагаас гавъяаныхаа амралтанд гарсан ИТХ-ын нарийн бичгийн дарга асан О.Нямдорж, Д.Норовсамбуу, Г.Бөхсуурь, нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Дамбий, Орон нутгийн өмчийн албаны ажилтнаар ажиллаж байсан Л.Батсуурь нарын 5 ахмад хүрэлцэн ирсэн юм.
Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар хэлсэн үгэндээ: ИТХ хэмээх энэхүү байгууллагын байгуулагдахад тулгын чулууг нь тавилцаж өнөөгийн хөгжлийн түвшинд хүрэхэд энэ байгууллагад ажиллаж ирсэн ахмад буурлууд та бүхний хүч, гавъяа их бий бөгөөд үүнийг бид бүхэн мартах учиргүй, цаашид ч ахмадуудынхаа үг сургаалийг сонсох, ажил, амьдралын арвин их арга туршлагаас нь суралцах зүйл их бий гэдгийг онцлон хэлж ахмад буурлуудынхаа амьдрал ажил үйлсэд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Энэ үеэр өндөр насны тэтгэвэрт гарсан ИТХ-ын нарийн бичгийн дарга асан О.Нямдоржийг Монгол улсын гавъяат хуульч болсонтой холбогдуулан ИТХ-ын дээд шагнал "Хөвсгөлийн Алдартан" цол тэмдэг өргөмжлөлөөр шагнасныг ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар гардуулсан бөгөөд нийт ахмадууддаа гарын бэлэг гардуулсан юм.