Хавдар судлалын үндэсний төвөөс санаачлан “Хаан” банк, МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2016” Хөвсгөл аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тус аяны хүрээнд ХСҮТ-ийн эмч нар хавдрын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, хавдрын мэс засал эмчилгээ, эмч, мэргэжилтний сургалт, олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулсан юм.
Хөвсгөл аймагт ажилласан тав хоногийн хугацаанд нийт 2331 хүнд үзлэг, оношилгоо хийж,хортой хавдрын 26 шинэ тохиолдол илрүүлжээ. ХСҮТ-ийн болон аймгийн эмч нар хамтран зургаан хүнд мэс засал амжилттай хийсэн байна. Түүнчлэн хоёр мэс ажилбар, 86 эсийн шинжилгээ, 13 эдийн шинжилгээ хийжээ.
“Хавдрын эсрэг үндэсний аян - 2016”-ын хүрээнд аймгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд болон эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнд зориулсан сургалт зохион байгуулж 82 эмч, сувилагч, 12 сайн дурын идэвхтэн хамрагджээ. Мөн хавдраас урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулсан аж. Энэ хүрээнд “Хүнд өвчтний асаргаа сувилгаа” гарын авлага 40 ширхэг, “Хавдар судлал” сэтгүүл 200 ширхэг болон эрүүл мэндийн зөвлөмж, санамж 400 ширхэгийг орон нутгийн иргэдэд түгээсэн байна.
Эх сурвалж: www.times.mn