Хөвсгөл аймгийн
Хөгжимт драммын театрын уран бүтээлчид домогт Алунгоо эхийн эвийн сургаалиар
дуулалт кино жүжиг тавихаар боллоо. “Монголын нууц товчоо”-нд өгүүлсэнээр 780
оны орчимд Хорь түмдийн нутаг Ариг ус нэрт газар Хорь түмдийн ноён Хорилардай
мэргэний гэргий Баргужингуагаас мэндэлсэн ,
Добу мэргэний гэргий болох Алунгоо хатан таван хөвгүүндээ таван сумаар үлгэрлэн эвтэй
байхын тухай сургаалиа хайрласныг Монгол хүн бүхэн ухан сэнхэрч бахархдаг болов уу?
Өдгөө домогт
хатны унасан газар шороо болох Хөвсгөл
нутгийн уран бүтээлчид болоод, эрдэмтэн судлаачид, эв эеийн сургаалийг
эрхэмлэгч хүмүүс нэгдэн “Тэнгэр язгуур”
нэрийн доор 10 бүлэг 26 дүр бүхий дуулалт кино жүжгийг бүтээх ажилд шамджээ.
Бүтээлийг төрүүлж
байгаа эрхмүүд “Монголдоо төдийгүйдэлхийд анхны эвийн сургаалийг амилуулан дүрсжүүлж, дуулан жүжигчилж та
бүхэндээ харуулахсан, үзүүлэхсэн гэсэндээ догдлон эдийн засгийн хямралыг ч үл шалтаглан
энэхүү ажилдаа зориглон орлоо, магадгүй тэнгэр язгуурт хатан ижий ийм л үед биднээр дамжуулан үгээ хэлж, сургаалиа
дэлгэрүүлэх гэсэн болов уу ” хэмээн ярьж байна.
Хөвсгөл нутгийн
онгон дагшин байгаль, Хэнтийн түүхэн газруудад киноны зураг авалт болох бөгөөд
8-10-р зууны үйл явдалыг нэн
үнэмшилтэйгээр илэрхийлж, уран сайхны ур чадварыг харуулахаа амлаж байна. Энэхүү бүтээл энэ оны 11 дүгээр сарын нэгэнд
нээлтээ хийх бөгөөд 2017 онд АНУ-д болох олон улсын фестивальд оролцохоор
болсоныг кино найруулаг А.Энхтайван хэллээ.
Монголын нууц
товчоо тэргүүтэй түүхэн сурвалжууд дээр тулгуурлан зохиолыг бичсэн ба түүхийн
үнэнийг уран сайхны сонирхолтой шийдлээр илэрхийлж Монголчуудын эв нэгдэлийн
үзэл санааг нэн тодоор гаргаж өгсөнөөрөө ач холбогдолтой болохыг судлаачид
дурджээ.
“Тэнгэр язгуур” жүжгийн
уран бүтээлчдийн багийг танилцуулвал:
1.
Цомнол:
Хотгойд овгийн Бямбаагийн Баярмагнай /МУСТА/
2.
Хөгжим:
Хиад боржигон овогт Агваанцэрэнгийн Энхтайван
3.
Редактор:
Бурхан халдуны Урианхан Жүмпрэлийн Саруулбуян /МУСГЗ Доктор, профессор
4.
Зөвлөх:
Хэрсүүд овогт Ойдовийн Сүхбаатар /профессор/ нар ажиллаж байгаа юм байна.
Нутгаа гэсэн чин
сэтгэлтэй эрхэм хүмүүсийг энэхүү түүхэн үйл хэрэгт нэгдэхийг уриалж байна.