Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар ажлаа авсны дараа санаачлан хэрэгжүүлж буй ажлын нэг бол Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалтуудыг зохион байгуулж үйл ажиллагаатай нь танилцах, аймаг орон нутгийн хөгжлийн төлөө ямар зүйлс дээр хамтран ажиллах талаар санал солилцож байгаа билээ. Энэ 7 хоногийн Мягмар гарагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, тэдгээрийн удирдлагуудыг хүлээж авч уулзсан бөгөөд хөгжлийн бжрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг хүртэх боломжийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгарч буй хүндрэл бэрхшээл зэргийнхээ талаар ИТХ-ын даргад танилцуулсан юм. Мөн өнөөдөр аймгийн Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөлөлүүдийг аймгийн ИТХ-ын дарга хүлээж авч уулзан төр иргэний хамтын ажиллагааг цаашид хэрхэн хангаж, үр ашигтай хамтран ажиллах, төрийн байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах боломжийн талаар уулзаж ярилцлаа. ИТХ-ын дарга хэлсэн үгэндээ төсвийн хүндрэлтэй байгаа үед орон нутагтаа хөрөнгө оруулалтыг татах асуудал, ОУ-ын төсөл, тусламжийн байгууллагуудын үйл ажиллагааг аймагтаа татах асуудал чухал байгаа бөгөөд төсвийн хямралтай энэ үед татвар төлөгчдийн нэг төгрөгийг ч болов үр дүнтэй зүйлд зарцуулах хэрэгтэй байгааг сануулсан юм. Мөн иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлтэй хамтран төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, хүнд суртлаас ангижруулах, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих зэрэгт иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. өнөөдрийн уулзалтанд 18 ТББ-ын тэргүүн болон гишүүд оролцлоо.