Монгол улсын Их хурлын болон аймгийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон ИТХ-ын анхдугаар хуралдаан 2016.07.18 буюу өнөөдөр болж өнгөрлөө. 12 цагт эхлэх товтой байсан анхдугаар хуралдаан 14 цагт ирвэл зохих 41 төлөөлөгч ирсэнээр 100% ирцтэйгээр эхэллээ.
Хуулинд заасны дагуу хурлыг хамгийн ахмад настай төлөөлөгч удирдан явуулах үүргийн дагуу Тариалан сумаас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Л.Гэрэлхүү хурлыг нээлээ. Хурлын нээлтэд Хил хамгаалах 0257-р ангийн хөгжлийн салааны хамт олон оролцож Монгол улсын төрийн дууллыг эгшиглүүллээ.
Ингээд аймгийн сонгуулийн хорооны дарга П.Ариунбат ИТХ-д сонгогдсон төлөөлөгчийн сонгуульд авсан санал дүнг хуралдаанд танилцууллаа.
Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан болж тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар аймгийн ИТХ-ын даргаар Л.Төмөрбаатар сонгогдлоо. Тэрээр итгэл хүлээлгэсэн төлөөлөгч нарт талархалаа илэрхийлээд Хөвсгөл нутгийн хөгжлийн төлөө намчирхалгүй зөвд зөөлөн бурууд нүд хурц хоёргүй сэтгэлээр ажиллахаа онцлоод наадмын дараа намар гэдэг өвлийн бэлтгэлээ цаг алдалгүй эртнээс сайтар базаах, орон нутгийн сонгуулийг шударга хуулийн хүрээнд явуулах хэрэгтэйг анхааруулж байлаа. Түүнийг сонгогсоны дараа аймгийн ИТХ-ын даргын албан тушаалыг өмнөх дарга болох Т.Болдбаатар хүлээлгэн өгч ажилд нь амжилт хүслээ. Тэрээр төрийн алба залгамж халаатай тасралтгүй явагдах ёстойг хэлээд өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан цаашид анхаарч ажиллах зүйлийн талаар товч илтгэл тавьлаа.
Хөвсгөл аймгийн засаг даргад МАН-аас аймгийн МАН-ын хорооны дарга Л.Ганболдыг нэр дэвшүүлсэн бөгөөд АН-аас нэр дэвшүүлээгүй тул 1 нэр дэвшигч дэвшиж буй тохиолдолд илээр санал хураах журмын дагуу санал хураалтанд 40 төлөөлөгч оролцож 100%-ийн саналаар Л.Ганболд Хөвсгөл аймгийн засаг даргаар сонгогдож ирэх 4 жилд тус аймгийн удирдах боллоо_
Мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг өмнө 9 хүний бүрэлдэхүүнтэй байсныг 11 болгон өөрчилж, аймгийн ИТХ-ын 5 хороог байгуулан бүрэлдэхүүнийг баталлаа.