Жил бүрийн 6-р сарын эхний 7 хоногт автомашингүй өдрийг манай улс тэмдэглэсээр 6 дахь жилтэйгээ золгож байна. Манай аймаг 6-р сарын 3 буюу өнөөдөр Идэвхитэй хөдөлгөөн-эрүүл мэнд, 10000 алхам, автомашингүй өдрийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааг ЭМГ, Цагдаагийн газар, Биеийн тамир спортын газрууд хамтран зохион байгуулж уг үйл ажиллагаанд 50 гаруй байгууллагын 800 гаруй ажилтан, албан хаагч оролцлоо. Хүн өдөрт 10000 алхам идэвхитэй хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай гэж үздэг бөгөөд өдөр бүр хийж хэвшихийг энэхүү арга хэмжээгээр дамжуулан олон нийтэд сурталчилж буй юм. Оролцогчид Чингүнжавын талбайгаас эхлэн нар зөв 3 км орчим газар явган жагсаал хийж эрүүл идэвхитэй амьдралыг иргэд олон нийтэд сурталчиллаа. Ажлын байран дээрээ хүмүүс идэвхитэй хөдөлгөөн хийж чаддаггүй нь таргалалт, сахарын өвчин, зүрх судасны өвчний гол шалтгаан болдог байна. Иймд ажлын байран дээр хийх 10 дасгалыг тогтмол хийх, ажил гэрийн хооронд аль болох автомашин хэрэглэлгүй алхаж хэвшихийг уриалж байгаа юм. Уг үйл ажиллагаанд оролцогчдын тоо жил бүр өсч буй бөгөөд манай аймгийн бүх сумд мөн хамрагдаж байна.