Бурхан багшийн их дүйчин өдөр буюу энэ сарын 21-ны өдөр аймгийн бурхны шашны Гандандаржаалин хийдээс мод тарих ажээ. Хийдийн зүгээс Мөрөн хотын агаарын бохирдлыг багасгах, ногоон орчинг нэмэгдүүлэх, цөлжилтөөс хамгаалахад мод тарих нь чухал ач холбогдолтой гэж үзжээ. Түүнээс гадна бурхны шашинд мод тарих нь хүний амьдралдаа заавал хийх ёстой зүйлийн нэг гэж үздэг бөгөөд буян заяа арвиждагаас гадна иргэний үүрэг хариуцлагаа ухамсарласан төрөлх хотдоо хайртай хүмүүсийг энэхүү үйл ажиллагаанд нэгдэхийг хүсч буй ажээ. Цаашид хийдийн зүгээс иргэд олон нийтэд бурхны шашныг сурталчилсан, нийгэмд тустай олон зүйлийг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй талаар аймгийн Гандандаржаалин хийдийн ловон лам Жалбаажамц аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатартай уулзах үеэрээ танилцууллаа. АИТХ-ын дарга Т.Болдбаатар хэлэхдээ: аймгийн төв гандан буюу Гандандаржаалин хийдийн зүгээс ойр орчныхоо тохижилтонд анхаарах, аймгийн ИТХ-ын дэргэдэх шашны зөвлөлтэй хамтран ажиллах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд нээлттэй сурталчлах чиглэлээр олон зүйл шинээр хийх хэрэгтэй байгааг сануулаад үйл ажиллагаагаа шинэ түвшинд гарган хөгжүүлж аймаг орон нутгийн удирдлагуудтай уялдаа холбоотой ажиллахыг хүслээ.