Өнөөдөр тохиож буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 23 дахь жилдээ “Мэдээлэлтэй байх, мэдээлэл авах эрх бол Таны үндсэн эрх ” уриан дор тэмдэглэж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэхийг тунхагласан.
Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Манай аймгийн хувьд орон нутгийн 4 телевиз, 2 сонин, 2 фм радио үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын зарим сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргээд олон нийтийг соён гэгээрүүлэх, 21-р зууны мэдээллийн асар их хурдаас олон нийтийг хоцроолгүй, үнэн бодит мэдээллийг шуурхай хүргэх үүргийг нэр төртэй авч яваа сэтгүүлчдэд талархал илэрхийлж хэвлэл мэдээллийн салбарт амжилттай ажиллаж ирсэн зарим хүмүүст шагнал гардууллаа.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн "Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн медаль"-иар Мөрөн телевизийн менежер Энэбишийн Долзодмаа, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр сэтгүүлч Б.Нарантуяа, Г.Дэлгэрзаяа нарыг, "Ган үзэгтэн" шагналаар Д.Энхчимэг, Ч.Батзориг нарыг шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, гардуулж баяр хүргэлээ.