Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутгийн зөвлөл, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд маргааш буюу 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Хөвсгөлийн хязгаарын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах юм.
Энэхүү хурлын зорилго нь Хөвсгөлийн хязгаар дахь эртний түүх, соёлын дурсгал, тус бүс нутагт оршин амьдарч ирсэн угсаатны бүлгүүдийн түүх, соёл, зан заншил, гэр харуулын түүх, орон нутгийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн хандлага зэрэг асуудлыг шинжлэх ухааны олон салбар үүднээс судлан шинжилж, судалгааны үр дүнг олон түмний хүртээл болгон, түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Тус эрдэм шинжилгээний бага хуралд Монголын Үндэсний музей, Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхим, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Архивын Ерөнхий газар, Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн зэрэг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм тэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлнэ.
Эрдэм шинжилгээний хурал 2016 оны 4 дугаар сарын 29-нд 10 цагаас “Tod tower”-ийн 11 дугаар давхар болно.