Эрүүл, ардчилсан нийгмийн үндсэн шалгуурын нэг бол иргэний дуу хоолой, оролцоо байдаг билээ. Нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа, зорилгоо чиглүүлэн ашгийн төлөө бус ажилладаг байгууллагууд бол бид бүхний мэдэх төрийн бус байгууллага буюу иргэний нийгмийн байгууллагууд билээ. Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 174 иргэний нийгмийн байгууллага бүртгэлтэй байгаа бөгөөд 130 гаруй ТББ идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг тухай тоо баримт гарсан байна. Нийгэмд дуу хоолойгоо илүү хүчтэйгээр хүргэх, эвлэлдэн нэгдэж ажиллах зорилгын үүднээс 5 жилийн өмнө 30 гаруй ТББ-ууд нэгдэн "Иргэний нийгмийн зөвлөл"-ийг байгуулан ажиллаж эхэлсэн байдаг. Өнөөдөр Иргэний нийгмийн байгууллагууд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, алдаа оноогоо хэлэлцэн цаашид хийх зүйлээ тодорхойлох үүднээс 5 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар оролцож баяр хүргэхийн хамт иргэдээсээ сонгогддог иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ. Иргэний нийгмийн чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа Б.Лхагваа, Э.Эрдэнэчимэг нарыг аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Мөн аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр "Сүүн тахилт" ТББ-ын тэргүүн Баасанхүүг, аймгийн засаг даргын жуух бичгээр Долгормаа, ахмад багш нарын холбооны тэргүүн Д.Батбаяр нарыг шагнасан байна.