Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумтай хил залгаа сумдад малын хулгай болон байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг зөрчил бусад сумдтай харьцуулахад илүү их гардаг. Өнгөрсөн жил Алаг-Эрдэнэ сум санаачлан Мөрөн сумтай хил залгаа сумдын хамтарсан зөвлөгөөнийг санаачлан эхлүүлж байсан юм. Аймгийн ГХУСАЗЗ -өөс Бүрэнтогтох сумыг сонгон авч гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр жишиг сум болгох шийдвэр гарган ажиллаж иргэд олон нийтэд мэдээлэл сурталчилгаа хүргэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол байгаагийн үр дүнд гэмт хэргийн гаралт огцом буурч зарим баг дээр он гарсаар гэмт хэрэг зөрчил огт гараагүй байна. Өнөөдийн зөвлөгөөнөөр сумд өнгөрсөн жилийн зөвлөгөөнөөс хойш гэмт хэрэг зөрчлийг бууруулах, түүнтэй тэмцэх чиглэлээр хэрхэн ажиллаж буй талаараа мэдээлэл өгч цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаараа санал солилцлоо. Энэхүү зөвлөгөөнд Аймгийн ИТХ ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга Т.Болдбаатар, аймгийн ерөнхий прокурор Ганболд, туслах прокурор Хадбаатар, ЦГ-ын дарга Батбаяр, Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Цэгмид, Түнэл, Арбулаг, Алэг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Тосонцэнгэл, Төмөрбулаг сумдын ГХУСАЗЗ-ийн дарга нар болон хэлтсийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч,багийн засаг дарга нар, нийгмийн ажилтнууд оролцлоо. Аймгийн цагдаагийн газрын даргын илтгэлд өнгөрсөн онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дэлгэрэнгүй статистик мэдээллийг танилцуулсан бол прокурорын газрын өгсөн мэдээллээр сумдын байгаль орчны байцаагч нар тухайн зөрчил, хэргийг торгох байдлаар шийтгэдэг, хууль бусаар бэлтгэсэн мод, агнасан амьтныг улсын орлогод авдаггүй, тухайн этгээдэд өгч явуулдаг нийтлэг зөрчил байгааг шалгалтаар илрүүлсэн талаар мэдээлллээ. Цаашид хууль бус зүйлсийг Мөрөн сум руу оруулж ирдэг гарц, замуудыг хаах, хяналт тавих чиглэлээр анхаар ажиллах хэрэгтэй байгааг ч сануулсан юм. Нэг суманд гэмт хэрэг буурахад нөгөө сумдад өсч буй нь хамтын уялдаа холбоо муу байгаагаас шалгаалж буй хэрэг гэдгийг оролцогчид хүлээн зөвөөрсөн бөгөөд малын гарал үүслийн бичиг, мод бэлтгэх зөвшөөрлийн бичгийг олгоход анхаарах асуудал олон байна гэдгийг хууль хяналтын байгууллагууд хэлж байлаа.