Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, тэргүүлэгч Л.Цэрэнжав, П.Отгон-Очир, Г.Энхболд, М.Пүрэвсүрэн, М.Очирхуяг нар ОХУ-ын Буриад улсын Тункин аймагт айлчиллаа. Өнгөрсөн 2-р сард тус аймагт Хөвсгөл аймгийн сумдын ИТХ-ын дарга, нарын бичгийн дарга нар зочилж хоёр аймгийн аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор хамтарсан уулзалт зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан билээ. Үүний үр дүнд энэ 6-р сард Тункин аймгийн төлөөлөгчид манай аймагт хүрэлцэн ирэх юм. Уг ажлын бэлтгэл ажлыг хангах, хоёр аймгийн засаг захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс ИТХ-ын тэргүүлэгчид Тункин аймагт 2 хоногийн ажлын айлчлал хийж хил залгаа аймгуудын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх цаашид юунд анхааран ажиллах талаар санал солилцсон байна.