Аймгийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр ЗДТГ-ын Соёмбо танхимд болж өнгөрлөө. Хуралдаанаар аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх тухай, Шинэ мөрөн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Даян дээрхийн байгалийн дурсгалт газрын ангиллыг дээшлүүлж байгалийн цогцолборт газар болгох саналыг дэмжих тухай зураг 3 асуудлыг хэлэлцлээ. 2016 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх асуудал дээр төлөөлөгчид нилээд идэвхитэй оролцож өөрийн тойрогт тулгараад буй асуудлыг шийдэх чиглэлээр нилээд ширүүхэн хэлэлцүүлэг өрнөлөө. Тухайлбал төлөөлөгч П.Отгон-Очир 6 тэрбум төгрөгийн санхүүжилт хувийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил нь хийгдэх 4 давхар хүүхдийн эмнэлэг 10 давхар 2 блок бүхий орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай байгаа дулааны шугамыг шилжүүлэхэд шаардагдах 70 сая төгрөгийг төсвийн тодотголд тусгах саналыг оруулсан бол Төмөрбулаг сумаас сонгогдсон төлөөлөгч Батбаяр Эрчим омгийн ямааг үүлдрээр батлуулах саналыг дэмжихийг нийт төлөөлөгчдөд уриаллаа. Цэцэрлэг сумын Могой багийн сургуульд шаардагдах 55 сая төгрөгийг тусгуулах, энэ жил сум байгуулагдсаны ой, хүн эмнэлэгийн нь тэгш ойнууд тохиож буй Алаг-Эрдэнэ сумд тодорхой санхүүжилт тусгаж өгөхийг төлөөлөгч Батдэлгэр, Алаг-Эрдэнэ сумын засаг дарга Даваа нар орууллаа. Энэ мэт олон чухал асуудал байсан боловч хуваарилах төсөв хязгаартай, шийдвэрлэх асуудал олон тул 2 намын бүлгээс төлөөлөгчдийг оролцуулан ажлын хэсэг байгуулж нэгдсэн шийдвэрт хүрч хуралдаанаар батлуулах санал дэмжигдэв. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн МАН-ын дарга Л.Ганболд Хөлбөмбөгийн талбайн санхүүжилтийн үлдэгдэл мөнгийг өөр зүйлд зарцуулах санал оруулсан бөгөөд олонхийн саналаар уг санал дэмжлэг авсангүй. 2012 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон уг бүтээн байгуулалт нь манай аймагт хөлбөмбөгийн спорт хөгжих, нийт ард иргэдийг биеийн тамир спортоор хичээллэх боломжийг бүрдүүлсэн томоохон бүтээн байгуулалт бөгөөд өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн Сүхбаатарын одон хүлээн авах ёслолын ажиллагаа, аймгийн баяр наадмын үйл ажиллагаанууд уг талбайд зохион байгуулагдаж өмнө шороо тоос ихээр босч ард иргэдийг тав тухыг алдагдуулдаг байсан хуучин түүхийг өөрчилсөн юм. МАН-ын дарга хүн яагаад өөрийн намын мөрийн хөтөлбөрт багтсан бүтээн байгуулалтыг дэмжсэнгүй вэ гэдэгт олон хүн гайхаж байлаа. Ингээд ажлын хэсэг төсөвт тодотгол оруулах асуудлаархи дүгнэлтээ танилцууллаа. Юуны өмнө тулгамдаад буй хүүхдийн эмнэлэгийн асуудлыг шийдвэрлэх үүднээс 4 давхар хүүхдийн эмнэлэгт шаардагдах мөнгийн тодорхой хэсгийг тодотголд оруулах Эрчимийн хар ямааг үүлдрээр батлуулах судалгааны ажилд зарцуулагдах 10 сая төгрөг зэргийг шаардлагатай гэж үзэн баталлаа. Үлдсэн асуудлуудыг хавсралтаар баталсан бөгөөд хуралдааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг орон нутгийн Хөвсгөл, Лха, Далай ээж телевизүүд дэлгэрэнгүй хүргэх болно.
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Шинэ мөрөн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах асуудал байсан бөгөөд хуралдаанаар уг асуудлыг Мөрөн сумын засаг дарга Гансүх оруулж төлөөлөгчдийн санал дүгнэлт асуултанд уг ажлыг гүйцэтгэж буй Улаанбаатар хотын Ред Сан компаны захирал Л.Энхсайхан хариулт өглөө. Төлөөлөгчдийн зүгээс бүтээн байгуулалтын ажил хэзээ дуусах, барилгын метр квадратын үнэ хэд байх зэргийг сонирхож байсан бөгөөд зураг төсвийн дагуу хурдан шуурхай, чанартай барих, м.кв-ийн үнийг иргэдэд хямд байлгах тал дээр анхаарч ажиллахыг санууллаа.
Даян дээрхийн байгалийн дурсгалт газрын ангиллыг дээшлүүлж байгалийн цогцолборт газар болгох саналыг дэмжих тухай асуудалыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын газрын дарга Жаргалсайхан орууллаа. Уг асуудлаар тус ажлыг гардан хариуцаж хийсэн доктор Энхтайван оролцож мэдээлэл өглөө. Уг асуудалд хамгаалалтын бүст хамаарах Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдын төлөөллүүд, орон нутгийн удирдлагын төлөөлөл оролцож санал дүгнэлтээ хэллээ. Эрдэнэбулган сумын төлөөлөгч Эрдэнэнаран, сумын ИТХ-ын дарга Ариунсан нар уг асуудлыг ард иргэдийн орон нутагтаа амьдрах, байгалийн тодорхой баялгийг ашиглах, газар өмчлөх эрхэнд халдахгүйгээр тэдний эрх ашгийг хамгаалах замаар тусгай хамгаалалтанд оруулах асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Орон нутгийн иргэд энэ талаар мэдээлэл байхгүйгээс гадна сумын ИТХ-аас баталсан 83.000 га талбай өөрчлөгдсөн, Цагаан-Үүр сумын тусгай хамгаалалтанд багтах газар нутгийн хэмжээ тодорхой бус буюу 200 орчим мянган га гэж оруулсан нь зөв, хуулийн дагуу шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлж байгаа тул дараагийн 5 сард хуралдах төлөөлөгчдийн хүндэтгэлийн хуралдаанаар дахин оруулж хэлэлцүүлэх санал гарч дэмжигдлээ.