Хөвсгөл аймгийн Ханх суманд 2014 онд 2700 орчим жуулчин ирж байсан бол жуулчдын тоо нэмэгдсээр өнгөрсөн онд 8000 орчим жуулчин иржээ. Үүнд ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсон нь голлон нөлөөлж байна.
Хэдийгээр жуулчдын тоо нэмэгдэж байгаа сайн талтай боловч хилээр хар тамхи зөөвөрлөх, бэлгийн замын халдвар ДОХ-ын вирус тээгч нэвтэрч болзошгүй эрсдэл ойрхон байгаад нутгийн иргэд сэтгэл зовниж буйгаа хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар 2670 хүн амтай, 36 мянган толгой малтай тус сумын иргэд ОХУ-аас өндөр үнэтэй эрчим хүч авдаг, сумын төвийн ойролцоох газрууд цэвдэгтэй, жуулчдын тоо нэмэгдэж байгаа тул хог хаягдалын асуудлыг шийдвэрлэх, хулгайгаар загасчлах гээд олон асуудал тулгамдаж байгаа юм.
Тус аймгийн хамгийн хойд талын сум болох Ханх сум нь урд талаараа Хөвсгөл нууртай, хойд талаараа Буриадын БНУ-тай хиллэдэг юм. Тус сумын нутаг тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг учраас үйлдвэр үйлчилгээ явуулах боломжгүй сумын хөгжлийн гарцыг аялал жуулчлал гэж үзэж байна.