Улс орон даяар жил бүрийн 3-р сарын сүүлийн 7 хоногийн Пүрэв гарагт 16:00 цагт гамшгийн аюулын дохиогоор ажиллах дадлага сургуулилт явагддаг билээ. МУ-ын Засгийн газрын 2011 оны 339, 340-р тогтоолоор баталсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам", "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам" -ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ 03.24-ны өдөр буюу өчигдөр аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цэргийн штабаас хамтран гамшгийн аюулын дуут дохиогоор ажиллах сургуулилтыг хийлээ. Гамшгийн дуут дохио 16:00 цагт дуугарсны дараа Чингүнжавын талбайд аймгийн ИТХ, ЗДТГ, хэлтэс агентлагууд, Холбооны газар, Татварын хэлтэс, Мөрөн сумын ЗДТГ, НХҮХ, Хөдөлмөрийн хэлтэс зэрэг байгууллага хамт олны ажилтан албан хаагчид аюулын үед хэрэглэх дулаан хувцас, 3 хоногийн эрүүл мэндийн болон хүнсний бүтээгдэхүүн, цэвэр ус, бусад хэрэгцээт зүйл бүхий аранз буюу үүргэвчийн хамт бэлэн жагслаа. Аймгийн ОБГ-аас гамшгийн үед анхаарах зүйл, аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар товч мэдээллийг хүргэлээ. Байгууллага бүр өөрийн байгууллагын уг үйл ажиллагаанд хэрхэн оролцсон талаархи тайланг гэрэл зургаар баталгаажуулан ОБГ-т хүргэнэ.