Монголын Хөлбөмбөгийн Холбооны V-р их хурал Худалдаа аж үйлдвэрийн танхимд 03.19-ны бямба гарагт явагдлаа. Тус хуралд Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Т.Болдбаатар оролцлоо. Уг хурлаар холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар МХБХ-ны өнгөрсөн нэг жилийн хугацаанд амжуулж хийж бүтээсэн ажлын тайланг танилцуулсан байна. Мөн энэ үеэр ирэх оны төсвийн төслийг хүрэлцэн ирсэн олонд ил тод нээлттэйгээр танилцуулж 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг дотоодын пүүс компани, ивээн тэтгэгчдээс оруулж ирэхийг зорьж, зорилт тавин ажиллахаа мэдэгдлээ. ФИФА буюу ОУХБХолбоо мөн Азийн Хөлбөмбөгийн Холбоо тус бүр жилийн 250 мянган ам.долларын туслалцаа үзүүлдэг бөгөөд өнгөрсөн 2015 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдсан тул 500 мянган ам.долларыг нэмж олгосон. МХБХ өнгөрөгч 2015 онд олон улсын чанартай гурван ч тэмцээнийг өөрийн эх орондоо зохион байгуулж мөн дотоодын уралдаан тэмцээн ч үүний хажуугаар тасралтгүй үргэлжилсээр байна. Эв нэгдлийг дээдлэн ажиллах МХБХ-ны V дахь удаагийн их хурал ажил хэрэгч, шүүмжлэл, хэлэлцүүлэг дор явагдлаа. Хурлын төгсгөлд МХБХ эрхзүйн гурван хороог байгуулж гишүүдийг сонголоо. Үүнд: Ёс зүйн хороо, Сахилгын хороо мөн Маргаан таслах хороо гэсэн хороодын гишүүдийг сонгож баталсан байна.
Аймгийн хөлбөмбөгийн холбооноос Азийн хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран 21 аймгийн хөлбөмбөгийн шүүгч нарын сургалтыг энэ 4-р сард Хөвсгөл аймагт зохион байгуулахаар болсон бөгөөд бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.