Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар 14:00 цагт шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од тэргүүтэй хүмүүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд аймгийн шүүх байгууллагын төлөөллүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ж.Мөнхбат, Цагдаагийн газрын дарга Н.Батбаяр болон шүүхийн шинжилгээний албаны дарга нар оролцлоо. Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од шүүх байгууллагын шинэчлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар танилцуулсан юм. Шүүх байгууллага нь Сангийн яамнаас баталсан төсвийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо төсвөө өөрөө төлөвлөн УИХ-аар батлуулдаг болсон, эрүү, иргэн, захиргааны гэхчилэн төрөлжсөн байдлаар үйл ажиллагаа явуулдаг болсон, шүүгч нарын цалин хангамжийг тодорхой хэмжээнд өсгөсөн нь шүүх байгууллага хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн гэдгийг хэлж байлаа. Шүүх байгууллага цаашдын үйл ажиллагаандаа нээлттэй, ил тод байх зарчмыг баримталж буй бөгөөд олон нийтийн дунд явуулсан хөндлөнгийн судалгаагаар иргэдийн шүүхийн байгууллагад итгэх итгэл илт дээшилсэн гэсэн дүн гарсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од аймаг орон нутгийн зүгээс бид бүхнийг хүлээн авч уулзан санал солилцож, орон нутагтаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ИТХ-ын дарга Т.Болдбаатарт талархал илэрхийллээ.