Яг одоо манай аймгийн зарим сумдад цас орж байна. Цаг агаарын урьчдилсан мэдээгээр өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 17-нд төв, зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааруулж байна.
Маргааш төв, зүүн зүгийн нутгаар, энэ сарын 18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд зарим газраар,18-нд зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 17-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүснэ. Иймд малчид болон ард иргэд, аян замд гарах гэж буй нийт хүмүүс цаг агаарын болзошгүй хүндрэлээс сэргийлж малаа ойр газар хариулах, малд бага насны хүүхдийг явуулахгүй байх, шаардлагагүй бол аян замд гарахгүй байхыг анхааруулж байна.