УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Батчимэг нар Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ намрын чуулганаар баталсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн сурталчилгааг хийлээ.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн зорилт нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөгтэй холбоотой харилцааг зохицуулна. Түүнчлэн эрүүл мэндийн орчинд эмчийн үзлэгээр хүүхэд хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг илэрвэл холбогдох газарт нь мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцохоор тусгасан юм.
Хууль батлагдсанаар үндэсний шинэ тогтолцоо руу орсон нь цаг үеэ олжээ хэмээн хүүхдийн байгууллагын ажилтнууд онцолж байв. Өмнө нь хүний хүчин дээр тулгуурлаж ажилладаг байсан бол өдгөө нийгмийн ажилтны эрх зүйн байдал, ажиллах нөхцлийг хангаж өгөх үүргийг орон нутаг хариуцахаар болсон байна. Ингэснээр хүүхдийн байгууллага чадавхжих боломж бүрдэнэ хэмээн албаныхан санал нийлж байлаа.
Хөвсгөл аймагт нийт 46840 хүүхэд байгаагаас 24 мянга нь сургуульд сурдаг бол 9800 цэцэрлэгийн насны хүүхэд байдаг. Үүнээс 83 хувь нь цэцэрлэгт хамрагддаг аж.