Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

П.ЭРДЭНЭБАТ: Санаачилгатай, сэтгэлтэй ажиллавал болохгүй бүтэхгүй ажил гэж байхгүй

2016-01-19

Ярилцлагын хойморт Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатыг урьлаа.

 

- Сайхан өвөлжиж байна уу. Дархан-Уул аймгийн нутгаар өвөлжилт ямар байна?

Сайхан. Та бүхэн сайхан өвөлжиж байна уу. Энэ жил зундаа гантай байснаас аймгийн ихэнхи газар нутгаар цас ахиу орох, эрс хүйтрэх төлөвтөй байгаа. Аймгийн онцгой комиссоос энэ өвлийг өнтэй давах бэлтгэл ажлыг зохион байгуулж, тодорхой хэмжээнд хангасан гэж үзэж байгаа.

- Танай аймагт сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал ширүүн байлаа. Одоо жаахан намжив уу?

Одоо бол улс төрийн байдал намжсан. Аймгийн ИТХ болон ЗДТГ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа.

- Ажлаа юунаас эхэлж байна вэ? Үлдсэн хугацаанд ямар ажил амжуулахыг зорьж байна вэ?

Энэ оны есдүгээр сарын 15-нд хуралдсан аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна. Миний хувьд нэн тэргүүнд орон нутгийн тулгамдсан, удаан хугацаанд шийдэгдэлгүй орхигдсон олон асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээс ажлаа эхлүүлсэн. Тухайн цаг үед аймгийн өвөлжилтийн асуудал тулгамдсан байсан учраас эхний ээлжинд Дархан-Уул аймгийн харъяа сумдууд болон ус, цахилгаан, дулаан зэрэг эрчим хүчний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан.

Хурлын даргын хувьд иргэдийн зүгээс гарсан санал санаачилгуудыг "...Ойлголоо, уламжилая... гэхээсээ илүү "Иргэдээс гаргаж буй санал шүүмжлэл, гомдлын мөрөөр өөрийн биеэр газар дээр нь явж ажиллана гэсэн зарчмаар ажлаа явуулж байна. Тухайбал аймгийн Засаг дарга А.Энхболд болон хэлтэс агентлагийн дарга удирдлагуудын хамтаар Шарын гол суманд ажиллах үеэр тус сумын иргэд нь халаалт дулаанаа авч чадахгүй зутруухан байдалтай байсан. Учир нь: Дулаан Шарын гол ТӨХК, Шарын гол ХК-ийн хооронд үүссэн өр авлага, нүүрс нийлүүлэх үнийн асуудлаар тохиролцож гэрээ байгуулж чадахгүй байгаагаас ийм нөхцөл үүссэн байсан. Энэ асуудлаар холбогдох хүмүүстэй нь уулзаж, эхний ээлжинд иргэдийг дулаанаар ханга, дараа нь хоорондынөр авлагын асуудлаа харилцан яаралтай шийдвэрлэ гэсэн үүрэг чиглэл өгснөөр Шарын гол сумынхан халаалтаа хэвийн авч эхэлсэн.

Мөн ОНХС-ийн хөрөнгө оруулалтын нийт 3,7 тэрбум төгрөгийн төсвөөр хэрэгжисэн "Жишиг Хороолол- 1, 2, 3” төслийн бүтээн байгуулалтуудыг арчлан хамгаалах, эзэнжүүлэх ажлыг эхлүүлсний дотор хорооллын дотор буюу нийтийн эзэмшлийн зам талбай дахь хүний гараар зөөх боломжгүй бетонон хог хаягдлыг зөөж зайлууллаа. Түүнчлэн хугарсан, хагарсан гэрэлтүүлгийн шон, эвдэрч алга болсон хогийн сав, сандал сүүдрэвчний эвдрэл гэмтлийг засаж сэргээгээд байна. Энэ бүхэн иргэдийн саналын мөрөөр хийсэн ажлууд. Цаашид ч иргэдээ сонсож, тэдний санал санаачилгын мөрөөр бодитой ажлуудыг өрнүүлэхэд бодлогоо чиглүүлж ажиллана. Энэ хүрээнд Нийслэлийн Иргэний танхимаас туршлага судлаж, аймгийнхаа Иргэний танхимын үйл ажиллагааг шинэ шатанд гаргахаар төлөвлөж байна.

- Ажил аваад хуримтлагдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарлаа хандуулсан гэж ярьлаа. Энэ хугацаанд Тэргүүлэгчдийн хурлаар ямар ямар асуудлуудыг хэлэлцэн батлав?

Тэргүүлэгчид 2015 онд 22 удаа хуралдаж, 100 гаруй асуудал хэлэлцэж, хэлэлцсэн асуудалтай холбогдуулан нийт 80 гаруй тогтоол батлан гаргаад байна. Ажил авснаас хойш орон нутгийн өмчид бүртгэлтэй орон сууцыг эзэмших, ашиглах журам, 18 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлж буй "Цагийн менежмент туршлагыг аймгийн цэцэрлэгүүдэд турших”, Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах, Сум дундын ойн анги байгуулах, аймгийн ан амьтны менежментийн төлөвлөгөө батлах, Төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил газрыг хамгаалалтанд авах, ан амьтан байрших, усны хагалбар, нэн ховор ургамлын тархац нөөц бүхий Мөөл уул, түүний орчмын газрыг орон нутгийн хамгаалалтанд авах зэрэг хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг гаргалаа. Мөн 2015 оны төсвөө тодотгож, ирэх оны төсвөө батласан.

 Аливаа хүнд ажил хийх явцад түлхүү барих бодлого гэж бий. Жишээ нь шинэ хөрөнгө оруулалтыг дэмжих, иргэдийг мэдээ мэдээллээр хангахад анхаарал хандуулах, эсвэл хамтын ажиллагааг эрхэмлэх гэх мэтчилэн. Таны хувьд аль чиглэл рүү илүү анхаарал хандуулбал Дархан хотын хөгжилд түлхэц болж чадна гэж боддог вэ?

Яг өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийн тэргүүлэх чиглэл гэсэн тов тодорхой зүйл алга байна. Бид одоогоор ард иргэдээсээ гарсан аж ахуйн шинж чанартай асуудлуудыг шийдвэрлэх түвшинд л ажиллаж байгаа гэх хэлэхэд болно. Өөрөөр хэлбэл хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээг хязгаарлагдмал нөөц бололцоогоор хангах гэж тухайн жилийн төсвөө баталж, тэр дагуу ажлаа чиглүүлж байна. Тэгэхээр ирээдүйн Дархан-Уул аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тов тодорхой болгох, алсын харааг тодорхойлох шаардлага гарч байна. Нэгдүгээрт хүний хөгжлийг дээдлэнэ гээд ажлын байр нэмэгдүүлнэ, сургалтанд хамруулна, ядуурлыг бууруулна гэсэн тунхаглалын шинж чанартай зорилтуудыг дэвшүүлдэг. Гэтэл хүнийг бүх талаар хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ гэдэг нь тодорхойгүй, ядуурлыг бууруулахын тулд яах вэ гэдэг гаргалгаа нь байдаггүй. Энэ бүх асуудал тодорхой байвал хөгжлийн тэргүүлэх чиглэлийн бодлого амжилттай хэрэгжинэ. Үр дүн гарна. Иргэд хүлээн зөвшөөрнө. Иймд Дархан-Уул аймгийн бүх салбарт хөгжлийн тэргүүлэх чиглэлийн бодлогыг тодорхойлох шаардлагатай байна.

- Ингэхийн тулд одооноос тодорхой ажлуудыг эхлүүлэх нь зүйн хэрэг. Ирэх онд яаж төлөвлөж байна?

Ер нь санаачилга байгаад сэтгэл байгаа цагт болохгүй бүтэхгүй ажил гэж байхгүй. Хөрөнгө байгаа хэрнээ сэтгэлгүй, санаачилгагүй, зөв менежментгүй бол ямар ч ажил урагшаа явахгүй. Богино хугацаанд зохион байгуулалт болон бүтээн байгуулалтын ямар их ажлуудыг өрнүүлж чаддагийг олон аймгийн жишээнээс харж болно. Үүний нэг тод жишээ бол Нийслэл хот гэж хэлэх байна. Манай хурлынхан өнгөрөгч 10 дугаар сард УБ хотноо ажиллаж, Нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцсан. Хотын зам, дахин төлөвлөлтөнд хийсэн шинэчлэлтүүд иргэдийн талархалыг хүлээсэн байна. Хамгийн наад зах нь цахимаар газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэж байгаа нь нүдээ олсон ажил болсон байна. Энэ бүхнээс туршлага судлаж, зарим нэгийг нь хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал: 2016 онд аймгийн ИТХ-аас нутгийн удирдлагын үйл ажиллагааны менежментийг сайжруулж, төлөөлөгчдийг чадавхижуулах, бусад аймгуудын туршлагаас суралцах, сургалт зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулахад анхаарч ажиллана. Дээр хэлсэнчлэн аймгийн бодлого, шийдвэрт иргэдийн байр суурь, үзэл бодол, санал санаачилгыг тусгаж, "Иргэний танхим”-ын үйл ажиллагааг шинэ шатанд гаргана. Ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс жижиг, дунд үйлдвэрлэл,фермерийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг дэмжинэ. Гадаад дотоодын төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг дэмжиж, хамтын ажиллагааны байгууллагуудтай харилцаа тогтооход анхаарна. Нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, арчлан хамгаалжбайгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг урамшуулна. Иргэдэд газрыг цахимаар өмчлүүлэх, газар олгох асуудалд хяналт тавьж ажиллах зэрэг хэд хэдэн зорилтыг дэвшүүлээд байна.

- Орон нутаг бие даан хөгжих боломж байна уу? Дархан-Уул аймгийн ирээдүйн хөгжлийг ямар байдлаар төсөөлдөг вэ?

Дархан-Уул аймгийн хувьд дэд бүтэц сайн хөгжсөн, Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн олон улсын авто зам, Улаанбаатар-Сүхбаатарын олон улсын төмөр замын зангилаан дээр оршдог, төвийн эрчим хүчний системд холбогдсон, өндөр хурдны шилэн кабель, тоон системийн радио релейны шугам, хөдөлгөөнт холбооны үйлчилгээтэй, бусад аймагтай харьцуулбал нийтийн найдвартай, тогтмол хямд тээврийн хэрэгсэлтэй, хүмүүсийн амьдралын өртөг багатай зэрэг давуу талуудтай. 90 гаруй мянган хүн амтай, үүнээс 70 гаруй мянга нь Дархан сум буюу төвдөө амьдардаг. Нийт хүн амын 64.5 %-ийг 35 хүртэлх насны залуус эзэлнэ.Өөрөөр хэлбэл залуусын хот гэсэн үг л дээ. Тиймээс Дарханчууд бидний ганц хүсэн хүлээдэг зүйл бол Үндсэн хуулинд өөрчлөлт орж, Дархан-Уул аймгийг "Дархан хот” болгох юм. Түүний төлөө ч Дарханы залуус маань дуу хоолойгоо нэгтгэж байгаа. Ажиллах боловсон хүчин сайтай залуу хотын хувьд хөгжлийн өндөр түвшинд хүрэх боломж бидэнд бий. Бидний хувьд аймгийнхаа хөгжлийг хурдасгах арга замыг томоохон ААНБ-уудын үйл ажиллагааг дэмжих явдал гэж үзэж байна. Мөн үйлдвэрлэлийгтүлхүүхөгжүүлэхньхамгийн чухал. Тиймээс бид Дархан Төмөрлөгийн үйлдвэрээ бүх талаар дэмжиж хамтран ажиллана. Энэ ч утгаараа саяхан хурлын Төлөөлөгчид, аймгийн Засаг захиргааны мэргэжилтнүүдийн хамтаар Төмөрлөгийн үйлдвэрийнхээ хэрэгжүүлж байгаа төсөл, бүтээн байгуулалттай танилцсан. Тус үйлдвэрийнхэн төслөө амжилттай хэрэгжүүлснээр гангийн хэрэгцээг 100 хувь хангана. Түүнчлэн төмрийн хүдрийн нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, түүнийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл ч өснө. Бас татварын орлого өсч, бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гээд маш олон эерэг өөрчлөлтүүд биднийг хүлээж байна.

- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг ард түмнээ төлөөлж чадахаа больсон. Намуудын төлөөллийн хурал болсон гэж иргэд шүүмжлэх болсон. Та үүнтэй санал нийлэх үү?

Санал нийлэхгүй байна. Төлөөллийн ардчиллын зарчмын дагуу нэгтөлөөлөгч сонгогдсон тойргийнхоо 3000 гаруй иргэнийг төлөөлж ИТХуралд суудаг. Тиймээс ИТХ-ын Төлөөлөгч нь ард иргэдийн хүсэл зорилгод соргогоор хандаж, тэдний эрх ашигт нийцсэн шийдвэрүүд гаргахын төлөө ажиллах ёстой. Энэ зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлснээр нутгийн өөрөө удирдлага тогтвортойгоор оршин тогтноно. Тэгэхээр нэгэнт иргэд олон нийтийн итгэлийг хүлээгээд хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тэр хүмүүс өөрсдөө идэвхи санаачилгатай, аливаад ул суурьтай хандаж байх нь чухал болоод байна.

Манай аймгийн хувьд зарим төлөөлөгчид маань маш их идэвхитэй ажиллаж байна. Төлөөлөгч нар "Эрч хүч” клубыг байгуулж, спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулахын зэрэгцээ спортоор хичээллэдэг хүүхэд багачууд, тамирчдаа дэмжих зорилготой ажиллаж байна. Мөн "Нээлттэй төлөөлөгч” клубээр дамжуулан орон нутагтаа хөрөнгө оруулалт татах, нийгмийн сайн сайхны төлөө бусдыг уриалсан олонталт үйл ажиллагааг зохион байгуулаад байна. Ганцхан жишээ авахад: БНСУ-ын Кёнги аймгийн хурлын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, энэ хүрээнд аймаг сумын Төлөөлөгчид тус улсын Кёнги аймагт албан айлчлал хийх, Кёнги аймгийн хурлын Төлөөлөгчид Дарханд ирж ажиллан тулгамдсан зарим асуудлыг шийдэхэд туслаж байна. Яг одоогоор түргэн тусламжийн дөрвөн автомашиныг аймагтаа хүлээж авахад бэлэн болсон гээд Төлөөлөгчийн идэвхитэй үйл ажиллагаа манай аймагт байгаа.

- Та 2 дахь удаагаа ИТХ-д сонгогдсон Төлөөлөгч. Таны бодлоор нутгийн өөрийн удирдлагын байгууллага гэж ямар байгууллагыг хэлэх вэ?

-Шинэ үндсэн хууль батлагдан, орон нутгийн өөрөө удирдах байгууллага цоо шинэ тогтолцоонд шилжээд 20 жилийн хугацааг туулж өнгөрүүллээ. Аймаг сумын ИТХ-ыг орон тоо бүтэц зохион байгуулалтай болгож, хөрөнгө санхүү, материаллаг баазаар хангах ажил системтэй хийгдэж, сонгох сонгогдох эрх чөлөөг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж эхэлсэн нь Монгол улсын хөгжил ялангуяа орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гэж үздэг. Нутгийн удирдлагын байгууллага нь иргэдийн асуудлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэж, тэдний оролцоог бүх талаар ханган удирдлагын уян хатан бодлогыг баримталж ажиллах үндсэн үүрэгтэй байгууллага юм.

- Аль ч засаг, удирдлагыг иргэд, мөн хэвлэлийнхэн хянаж, ажиглаж байдаг. Та бүхний хийж буй үйлдэл, гаргаж буй шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эсэргүүцэх, шүүмжлэх иргэд олон байдаг. Хэвлэлийнхэн маань ч шүүмжилж байдаг. Энэ асуудалд таны байр суурийг сонсмоор байна.

Хэвлэл мэдээллийнхний хүчтэй хяналт, оролцоотойгоор төр засгийн үйл ажиллагаа хяналттайгаар явагддаг. Гэхдээ нэг зүйлийг онцлоход үнэн зөв мэдээллийг л ард иргэдэд хүргэх ёстой. Түүнээс биш хэт нэг талыг барьсан, өнгө мөнгөний хойноос хөөсөн эсхүл сэтгүүлчид өөрсдийн бодлоор тухайн мэдээллийг олон нийтэд хүргэх нь нийгмийн сэтгэлзүйд маш их хортой.

Гэхдээ бидний гаргаж байгаа тогтоол шийдвэр хуулийн хүрээнд гарч байх ёстой. Дээр нь ард иргэдийн санал зөвлөмжийг бодлогын бичиг баримтад тусгасан, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан байх нь хурлын байгууллагын нэн тэргүүний зорилт. Үүнд иргэд нь ч, хэвлэл мэдээллийнхэн ч дүгнэлт хийж, хяналтаа тавьж байх нь чухал. Өнөөдрийн нийгэмд маш олон телевиз, сонин, сэтгүүл, сайт үйл ажиллагаа явуулж байна. Тэд аливаа асуудлыг өөр өөрийн өнцгөөс олон нийтэд мэдээллэж байна. Энэ бол ардчилалын нэг зарчим. Энэ ч утгаараа хэвлэл мэдээллийнхэний зүгээс ирэх шүүмжийг бид хүлээж авна. Үүнд эмзэглэх зүйл байхгүй.

-П.Эрдэнэбат гэдэг хүнийг цөөн үгээр тодорхойлж хэлээч?

Аймгийн ИТХ-ын даргын хариуцлагатай үүргийг хүлээсэн, өсөж төрсөн нутгийнхаа хөгжил, хүн ардынхаа сайн сайхны төлөө бага ч гэсэн юм хийж бүтээх гэсэн хүсэл мөрөөдөлтэй жирийн нэгэн иргэн.

-Таныхаар удирдагч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

Хүн бүрт удирдагчийн чанар байдаг гэдэгтэй санал нэг байдаг. Жинхэнэ удирдагч хүн өөрийгөө бусадтай харьцуулдаггүй, харин олсон амжилтаа тавьсан зорилттойгоо харьцуулдаг хүнийг хэлдэг болов уу. Удирдагч хүн өөртөө тодорхой зорилт тавьж, төлөвлөгөөтэйгөөр ажилладаг байх ёстой. Дээр би бас хэлсэн. Санаачилгатай сэтгэлтэй л ажиллавал төлөвлөсөн ажлаа амжилттай гүйцээж чадна. Бусдад үнэлэгдэнэ. Бусдыг дагуулж чадна гэж боддог.

- Дархан-Уул аймгийн ажил байдал, хөгжил дэвшлийн талаар багагүй хугацаанд ярьлаа. Таны бодлоор Монгол орны хөгжлийн гарцыг юу гэж үздэг вэ?

Нийгмийн эмзэг асуудлууд олон байгаа энэ үед улс орны хөгжлийн шинэ гарцыг олж, нэн даруй шийдвэрлэх нь ирээдүйн хойч үеийнхээ өмнө хүлээх бидний үүрэг гэж боддог. "Уух аргаа олохгүй бол Усны захад хатаж үхнэ” гэдэгчлэн манайд хөгжлийн асар их нөөц байна. Энгийнээр сэтгэхэд газар доорх байгалийн баялаг. түүнийг ашиглаад амьдрахад хэрэг болох мэдлэг боловсролтой иргэд байна. Тэгвэл Монголын хөгжлийн гарц юу юм бэ? Хатуухан үнэнийг хэлэхэд баялагаа ашиглаж амьдрах арга ухаанд суралцах, хүнээ хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой гэж бодож байна. Ер нь хөгжсөн орны түүхээс харахад нийгмийн дундаж давхрааг хэдий чинээ олон хүн эзэлж байна тэр хэмжээгээр хөгжил тодорхойлогддог. Энэ бол дээр хэлсэнчлэн иргэдээ салбар салбарт нь мэргэшүүлж, ажилд нь дадлагажуулж, тархинд нь ухамсарлуулах нь хамгийн чухал гэдгийг хэлээд байгаа юм.

- Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе.

Монголын нутгийн удирдлагын холбоо, орон нутгийн бүх шатны хурлын байгууллагынхандаа шинэ ондоо дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлж, иргэдийнхээ итгэлийг алдахгүй хамтдаа хөгжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

- Ярилцсанд баярлалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%