“Машинаа гараждаа тавьчихаад ороод ирье” хэмээн гэрээсээ гарсан 27-хон настай залуу сураггүй алга болсон хэрэг гарсан байна. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны долдугаар хорооллын … дүгээр байрны ... тоотод оршин суугч иргэн, 27 настай эрэгтэй Л нь энэ сарын 5-ны өдрийн 06:00 цагт УБМ улсын дугаартай “Toyota Prado-120” загварын автомашинаа гараждаа хийнэ гэж гараад сураггүй болжээ.
-ЗУРГААН ХОНОГИЙН ДАРАА МАШИНЫГ НЬ ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРГЭЭС ОЛЖЭЭ-
Ар гэрийнхэн нь эрэл сурал болж, холбогдох албаныханд ханджээ. Зургаа хоносны дараа буюу энэ сарын 11-нд 13:00 цагт тус иргэний автомашиныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харъяа, Хатгал тосгон /тосгоноос зүүн хойд зүгт 35 км/ Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхад нь цагдаагийн ахлагч О олсон байна.
Улмаар дээрх сураггүй болсон иргэнийг нуур руу орсон байж болзошгүй гэсэн дуудлагыг тус өдрийн 19:03 цагт хүлээн авч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Харин өчигдөр өглөөний 09:21 цагт Хөвсгөл нуурын уснаас цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Нийслэл хотод амьдардаг иргэн яагаад Хөвсгөл нуурын усанд живж амиа алдсан нь учир битүүлэг байгаа тул энэ хэрэгт гадны ямар нэгэн нөлөө орсон эсэхийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.