Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөлөөс хил дээр хуваарилсан цэргүүд хууч өвчтэй байсан

2015-11-05

Хил хамгаалах ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн өдрүүдэд зарим цахим хэвлэлээр Хятадын хилчид, Монгол хилчдэд буу тулган сүрдүүлсэн, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын харьяат таван цэрэг Увс аймгийн Баруунтурууны хилийн отрядад алба хааж байхдаа амь насаа алдсан тухай мэдээлэгдсэн. Тэгвэл эдгээр асуудалд ХХЕГ-ын Хилийн боомтын хэлтсийн дарга, хурандаа А.Ганбилэг, Төлөвлөлт, хангалтын хэлтсийн дарга, хурандаа Н.Баттулга нар өчигдөр тайлбар өгөв.

 

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын харьяат таван цэрэг Увс аймгийн Баруунтурууны хилийн отрядад алба хааж байхдаа амь насаа алдсан гэдэг мэдээлэл гарч байна. Энэ нь зарим талаараа ташаа байна гэж Хилийн боомтын хэлтсийн дарга, хурандаа А.Ганбилэг мэдээлсэн.

 

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын хоёрдугаар багийн иргэн П.Бөхбаатар гэдэгцэрэг албаа хэвийн хаагаад, зохих журмын дагуу халагдсан. Алба хааж байхдаа ямар нэг эмнэлгийн үйлчилгээ авч байгаагүй. Түүний өвчилсөн байдал нь цэргийн албанаас шалтгаалаагүй.

 

Б.Хүчитбаатарын хувьд хугацаат цэргийн албаа хаагаад, одоо Хилийн ... дугаар ангид гэрээт хилчнээр албаа үргэлжлүүлэн хааж байна. Эрүүл, саруул.

 

Харин Б.Бат-Эрдэнэ бол алба хааж байх хугацаандаа гэдэс хэвлий дүүрэх зовиур илэрч,  эмнэлгийн байгууллагуудад хандаж оношийг тодруулахад сүрьеэгийн төрлийн өвчин байсан. Эмчийн хяналтад орж энэ оношоороо цэргийн албанаас халагдаж байсан. Хил хамгаалах байгууллагаас тухайн албан хаагчийн эмчилгээний зардалд 1.9 сая төгрөгийг олгосон байдаг.

 

Б.Батдэлгэрийн хувьд цэрэгт татагдан ирсэн хойноо эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн байгууллагад хандахад цусны цагаан эсийн хурц хавдар гэсэн онош гарсан. Тухайн үед эмнэлгийн тусламжийн шаардлагатай арга хэмжээг хил хамгаалах байгууллагаас үзүүлсэн. Дээрх албан хаагчид цэрэгт татагдахдаа суурь өвчтэй байсан гэдэг нь цэрэгт ирсэн хойно нь тодорхой болсон. Үүнийг нотолсон эмч нарын дүгнэлт, магадлагаа бий.

 

Б.Мэндхүү гэдэг цэргийн хувьд харуул дээр алба хааж байгаад өөрийгөө боомилж нас барсан байдалтай олдсон. Албаны шалгалтаар үзэхэд бие эрхтэнд нь гэмтэл учруулсан зүйл байдаггүй. Хууль хяналтын байгууллагууд зохих ёсны шалгалт явуулаад дүгнэлтээ гаргасан байдаг.

 

Талийгаач болсон цэргийн алба хаагчдыг цэргийн албанаас шалтгаалаад амиа алдсан гэдэг дүгнэлт хуулийн болон эмнэлгийн байгууллагын дүгнэлт дээр харагдахгүй байгаа. Цэргийн албанаас шалтгаалсан зүйл байхгүй. Харин суурь өвчтэй байгаад цэрэгт ирсэн хойноо онош нь тодорхой болсон цэргүүдэд эмчилгээ, үйлчилгээний шаардагдах зардлыг нь олгоод явж байсан гэж тайлбарласан.

 

Цэрэг татлагын комисст мэргэжлийн эмч ажиллаагүй

 

Харин ХХЕГ-ын Төлөвлөлт, хангалтын хэлтсийн дарга, хурандаа Н.Баттулга “Зарим цэргийн алба хаагч нас барсан явдлыг цэргийн албатай холбож байгаа нь учир дутагдалтай байна. Энэ удаа Хөвсгөл аймгийн цэрэг татлагын үйл явц дээр хяналт тавихаар хил хамгаалах байгууллагын Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанар хариуцсан улсын байцаагчаар ахлуулсан бүлэг очиж ажилласан. Тэд манай хилийн ангид 148 цэрэг хуваарилсны 18 нь өвчтэй буюу эрүүл мэндээрээ цэргийн албанд тэнцэхээргүй хүмүүс байсан. Сүрьеэ өвчинтэй тав, гэмтэлтэй тав, бэлгийн замын халдварт өвчтэй гурав,мэдрэлийн саажилттай нэг, ивэрхий, мэс заслын өвчтэй хоёр, жингийн алдагдалтай нэг, мөөгөнцэртэй нэг цэрэг тэнцүүлсэн байсан.

 

Үүнийг нь судлаад үзэхээр аймгийн нэгдсэн эмнэлгээс цэрэг татлагын мэргэжлийн эмч нарын комиссын бүрэлдэхүүнд мэдрэл, сэтгэц, гэмтлийн эмчийг ажиллуулаагүй. Мөн ашиглах боломжгүй актлагдсан сүрьеэ илрүүлэх аппаратыг ашигласан дутагдал илэрсэн. Энэ байдлаас харахад хууч өвчтэй хүнийг цэргийн албанд тэнцүүлж, албанд очсны дараа өвчин нь сэдрэх, албанаас чөлөөлөгдөх явдал гарч байна” гэж ярьсан.

 

Хил зөрсөн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн

Дорнодын хилийн чиглэлээр хятадын иргэд монголын тал руу хил зөрчин орж ирж өвс хадсан. Уг зөрчлөөс болж хятадын хилчид манайхан руу буу тулгаж сүрдүүлсэн гэсэн мэдээлэл гарсан.

 

Тэгвэл Хил хамгаалах ерөнхий газраас хилийн зөрчил гарсан нь үнэн. Харин буу тулгаж сүрдүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл болохыг онцлов. Тэдний хэлснээр хятад иргэн өөрийн хилийн шугамын дагуу өвс хадаж байгаад, санаандгүй монголын тал руу хил зөрчин орж ирж өвс хадсан асуудал гарчээ. Уг зөрчлийг газар дээр нь хоёр улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугмаар хамтарсан шалгалт явуулан, хил зөрчсөн гэдгийг тогтоогоод шийдвэрлэсэн байна.

 

Хил зөрчигчийг хятадын талд хүлээлгэн өгч, түүний өвс хадаж байсан мотоцикль, трактор бусад багаж техникийг нотломжоор хүлээлгэн өгч олон улсын гэрээ хэлцэлцээрийн дагуу шийджээ.Хятадын хилчид манайхан руу буу тулган хил зөрчигчөө авч явсан зүйлгүй аж.  Харин ч өөрийн хил зөрчигчийг саатуулахаар явж байсан хятадын хоёр хилчин шинэ цэргүүд учир туршлага дутаж хил зөрчсөн асуудал гарсан байна. Үүнийг газар дээр нь тогтоож, хүлээлгэж өгчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%