Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗӨРЧИН ГАЗАР ОЛГОЖ БАЙНА.

2015-11-03

Аудитыг аймгийн ИТХ-ын захиалга, аймгийн Аудитын газрын 2015 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөг үндэслэн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон аймгийн Аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд хийв.

Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь оновчтой эсэхийг газар зохион байгуулалтын үндсэн баримт бичигт тусгасан ерөнхий төлөвлөгөөнүүд болон газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалтай тулган шалгахад дараах байдалтай байна. 
Аймгийн ИТХ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сүүлийн 3 жил батлаагүй бөгөөд Мөрөн сумын 2013, 2014, 2015 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг /Инженерийн шугам, сүлжээ бүхий газрыг оруулсан/ Мөрөн сумын ИТХ баталсан байна. Энэ нь Газрын тухай хуулийн 21.3.2-г зөрчиж аймгийн Засаг дарга аймгийн ИТХ-д өргөн мэдүүлж, батлуулах газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын ИТХ баталсныг харуулж байна.
Аймгийн ИТХ-ын 2012 оны ээлжит бус 12 дугаар хуралдаанаар Мөрөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан ч уг төлөвлөгөөг холбогдох газруудад хүлээлгэж өгөөгүй /Зурагнаас өөр материал байхгүй/ ба гүйцэтгэгч “Инженер геодези” ХХК нь төлөвлөгөөнд магадлал хийлгэсний дараа хүлээлгэн өгөхөөр болсон ч энэ ажил удааширч, улмаар 2015 оны 8 дугаар сард магадлалаар баталгаажсан байна. Энэ байдлаас харахад: 2013-2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахад Мөрөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг албан ёсоор мөрдөөгүй байгаа нь аймгийн ИТХ-ын тогтоолыг зөрчсөн, нөгөө талаар Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын захиалагч нь аймгийн ИТХ-аар магадлалаар баталгаажаагүй төлөвлөгөөг батлуулсан нь Хот байгуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтыг зөрчсөн байна.
Магадлал хийгээгүй гэдэг үндэслэлээр 2013, 2014, 2015 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Мөрөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг мөрдлөг болгоогүй нийт 18 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн байна. Магадлалаар баталгаажсан Мөрөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг авч үзэхэд: Холбогдох газруудад байсан зургаас өөрчлөлт ороогүй баталгаажсан байна. Гэтэл уг төлөвлөгөө аль хэдий нь зөрчигдсөн байна. Энэ нь газар зохион байгуулалтын төлөвлөлт хариуцсан ажилтан болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хуулийн дагуу шийдвэрлээгүй захиалагч нарын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна. 
Мөрөн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө зөвхөн ИТХ-аар баталсан тогтоол, түүний хавсралтаас өөр баримт бичиг байхгүй байгаа нь Газрын тухай хуулийн 25.4-д “Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна” заалттай нийцэхгүй байна. Мөн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалын 6-д: “Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай арга хэмжээнүүдийн жагсаалтыг гаргах, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийн чадавхийг бий болгох арга хэмжээнүүдийн жагсаалт гаргах, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн эх үүсвэрүүдийг иргэн, ААНБ, иргэдийн бүлэг, нөхөрлөл, төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт, сум, аймаг, улсын төсвийн санхүүжилт тус бүрээр нь тоймлож төлөвлөх” зэргийг тусгасан ч Мөрөн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь энэхүү шаардлагыг хангаагүй байна.
2013 он, 2014 он, 2015 оны эхний хагас жилд олгосон газрыг Мөрөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зурагтай харьцуулахад: 13 байршилд уг төлөвлөгөөг зөрчин газар олгосон байна. Энэ нь Мөрөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэдийнээ зөрчигдсөнийг харуулж байгаа бөгөөд Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Мөрөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой гарсан зөрчилтэй холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно.
2013–2015 онд шинээр олгосон газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй тулган шалгахад нийт 31 байршилд уг төлөвлөгөөг зөрчин газар олгосон байна. Энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул Газрын тухай хуулийн 63.1.12-т заасны дагуу хариуцлага тооцох саналыг холбогдох байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно. 
2013 он, 2014 он, 2015 оны жил жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Аймгийн Засаг даргын захирамж гарган 13 иргэнд газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн байна. Мөрөн сумаас зохион байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дуудлага худалдаагаар Мөрөн сумын багш хөгжлийн ордны зүүн талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 400 м2 газарт 3 сая төгрөгийн дээд үнэтэйгээр иргэн И.Батбаатарыг шалгаруулсан нь Газрын тухай хуулийн 21.4.3 дахь заалтыг зөрчсөн тул уг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож Аймгийн засаг даргын газрын харилцааны талаархи бүрэн эрхийн хүрээнд дуудлага худалдааг дахин зохион байгуулах шаардлагатай гэж албан шаардлага хүргүүлж байна.
Аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/334 тоот захирамжаар аймгийн төвийн инженерийн шугам сүлжээтэй бүсэд хамаарах газарт нэр бүхий 30 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн байна. Энэхүү газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Уг газарт инженерийн шугам сүлжээний ажил 2012 онд орон нутгийн хөрөнгө оруулалт болох 277,0 сая төгрөгөөр хийгдсэн. Түүнчлэн энэ газраас иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх үйл явц нийтийн дунд нээлттэй явагдаагүй байна. Энэ нь Газрын тухай хуульд заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхгүй байна. Тус газар нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдаагүйн дээр иргэдэд газар эзэмшүүлэх тухай захирамжид газрын хэмжээг заагаагүй зэрэг нь захиргааны актын илт хууль бус шинжийг илэрхийлж байна. Иймд холбогдох албан тушаалтануудад албан шаардлага хүргүүлж байна. 
Газрын төлбөр 2013 онд 51,8 сая төгрөгөөр давж, сүүлийн 2 жилд 5,7-37,7 сая төгрөгөөр тасарсан үзүүлэлтэй байгаа нь он тус бүрт газрын төлбөрийг үндэслэлтэй төлөвлөж, тухайн газрын төлбөрийг бүрэн оруулж чадахгүй байна. Газрын төлбөрөө бүрэн төлөөгүй газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй/ үндэслэлээр аймаг, сумын засаг дарга нар 40.1, 40.2 заалтаар гэрчилгээг хүчингүй болгох, захирамж гаргаж эрх бүхий этгээдэд мэдэгдэх гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, тодорхой арга хэмжээ аваагүй байна. Аудитаар 2013-2014 онд газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй аж ахуйн нэгж байгууллагуудын газрын төлбөрийг нөхөн төлүүлж аймгийн орон нутгийн орлогод төвлөрүүлэхээр нийт 48032,9 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоож байна. 2013, 2014 оны байдлаар газрын төлбөр төлөөгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэл судалгааг хянахад Мөрөн сум 48,0 сая төгрөг, Татварын хэлтсийн бүртгэлд 5,4 сая төгрөг төлөөгүй гэсэн бүртгэлтэй байна. Үүнээс харахад Мөрөн сум, аймгийн Татварын хэлстийн ажлын уялдаа холбоо хангалтгүй байгааг харуулж байна.
ГХБХБГ болон Мөрөн сумын ЗДТГ shilendans.gov.mn сайтад оруулсан мэдээлэл оруулж байгаа боловч дараах зөрчил байна. Шилэн дансанд тавигдах мэдээллийг бүрэн гүйцэт оруулахгүй, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Журам”-д заагдсан нийтлэг стандарт, агууллагад нийцүүлэн тавиагүй, Газрын асуудалтай холбоотой захирамж шийвэрүүдийг ил тод мэдээллээгүй байна.
Аймгийн Аудитын газар нь 2012 онд “Мөрөн сумын газар олголт”-д гүйцэтгэлийн аудит хийсэн бөгөөд энэхүү аудитаар өгсөн зөвлөмжийг холбогдох газрууд бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй ба биелэлтийг шалгахад 63%-тай байна. 
Аудитаар илэрсэн зөрчил, дүнд үндэслэн дүгнэлт гарган холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажиллав

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%