Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дарханы "RGB" телевиз 20 нас хүрлээ

2015-10-23

Монголын хөдөө орон  нутгийн анхны чөлөөт телевиз “RGB”хорин нас хүрлээ. Дархан хотод 1995 оны намар цэнхэр  дэлгэцээр “RGB” гэсэн гурван  үсэгтэй шинэ телевиз  нэвтрүүлгээ  анх цацсанаас хойш удалгүй  “Аа Жи Би”гэсэн нэрээрээ үзэгчдийн танил  болсон юм. “RGB”  телевиз нь улаан, ногоон, хөх өнгөөр  нэрлэгдсэн нь үүсгэн байгуулагч гурван хүнийхээ нэрний эхний үсэгтэй яг давхацжээ. Рагчаасүрэн, Гантөмөр, Баттогтох гээд.    

Улс орон нутгийн үйл явдлыг шуурхай сурвалжилж, цуврал шууд ярилцлагаар  дагнан, хүүхэд залууст зориулсан танин мэдэхүйн нэвтрүүлгүүдээрээ үзэгчдийн  танил  болсон. Манайд урьд нь гардаггүй байсан дэлхийн телевизийн бүтээлүүдийг  айл гэрийн хойморт  залж  авчран,Азийн орнуудын цуврал кинонуудыг Монгол хэлээр орчуулан дуу оруулж  үзэгчдэд хүргэлээ. Тааварт уралдаант нэвтрүүлгүүд нь үзэгчдийн сонирхлыг  татжээ. Энэ бүх зүтгэлийг нь үнэлэн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс орон нутгийн шилдэг телевизээр шалгаруулж өргөмжлөл хүртээсэн юм. Хорин жилийн ойн өдөр нь “Аа Жи Би” телевизийн ууган сэтгүүлч, уран бүтээлчидтэй  хөөрөлдлөө. 

Сэтгүүлч, МУСГЗ  Ө.Рагчаасүрэн –Ерэн оны дунд хүртэл хөдөө орон нутгийн үзэгчдэд  мэдээлэл хомс хүрч байсан. Ганц Монгол телевизээс улс  орны мэдээлэл  авна. Дэлхий ертөнцийн тухай зөвхөн Оросын Орбитын нэвтрүүлгээс л харна. Тэр нь долоо хоногт цөөхөн цаг  гарна. Ийм  үед бид үзэгчдийн нүдийг  нээх хүсэлдээ хөтлөгдөн  их юм мөрөөдсөн. Шууд л Discovery,CNN, Cartoon Network-ийг сонгож  аваад сансраас хүлээн авч үзүүлж  эхэлсэн. Эдгээр сувгийг Дарханыхан ингэж нийслэлээс түрүүлж  үзэцгээсэн. Шууд ярилцлага их хийнэ. Тухайн үедээ хамгийн урт ярилцлагыг манайх хийсэн байх.  Буянгийн Жагайтай хийсэн ярилцлага бүтэн гурван цаг гаруй үргэлжилснийг  би мартдаггүй. “- Танай үзэгчдэд надаас асуух юм байгаа бол хариулаад л байя. Би төлбөрөө төлнө ” гэсэн учраас тэр. Улаанбаатараас Дарханд  ирдэг тэр үеийн улс төрчид  бүгд манай телевиз дээр ирж ярилцлагад ордог уламжлал тогтсон. Телевиз дэргэдээ “RGB news” долоо хоног дутмын сонин гаргаж нэвтрүүлгийн хөтөлбөр, уралдаан тааврын асуулга, сонин содон хүмүүстэй хийсэн ярилцлага нийтэлсэн.

Бид гурвыг анх телевиз байгуулахад  Дарханы үзэгчид  эхнээсээ л дэмжсэн. Шинэ сонирхолтой нэвтрүүлэг үзэх гэсэн  хүмүүсийн  хүсэл бидний зорилготой  нийлсэн нь тэр. Олон ч хүн бодитой туслалцаа үзүүлсэн. Дархан хотын дарга Т.Цэвэгмид, “Монэл” пүүсийн Ш.Ялалт  захирал, Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч Ц.Дашдондов, Худалдаа Хөгжлийн Банкны захирал Ц.Болд, Хэвлэлийн Хүрээлэнгийн захирал Ц.Энхбат, UBS телевизийн захирал Д.Цэдэвсүрэн, Л.Балхжав, “JAAG” телевизийн захирал З.Алтай, Дархан хотын  захиргааны  санхүүгийн хэлтсийн   даргаар тухайн үед  ажиллаж   байсан одоогийн  төрийн  түшээ Д.Хаянхярваа, “Залуу Монгол” компаний захирал М.Чимэдцэрэн, М.Сономпил гээд энэ жагсаалт урт хөврөнө.

“Аа Жи Би” телевиз олон залуу сэтгүүлчдийг бүтээлийн их замд нь хөтөлсөн. С.Батзаяа, Б.Энхсайхан, Р.Жавхлантөгс, Г.Анхбаяр, Л.Баатар, Т.Тулга зэрэг нэрс өнөөдөр нэгэнт үзэгчдийн танил  болжээ. Анхны сурвалжлагч нь Октябрь, Батзаяа,  хөтлөгч нь Ариунзаяа, Батбаатар нар байв. “Аа Жи Би” телевизийн түүхийг бичилцсэн бүх хүмүүст, өнөөдөр авч явж байгаа Г.Гантулга захиралтай хамт олонд баярын мэнд хүргэе!

Захирал Ц.Баттогтох- Манай телевизийн орчуулгын  киноны  дараагийн  ангийг  нь үзэгчид тэсэн  ядан  хүлээдэг байсан. Хамгийн анх Холливуудын алдарт жүжигчэн Роберт Де Ниро гол дүрд тоголсон “Мөргөлдөөн” хэмээх киног 1996 оны намар Жавхлантөгс, Хосбаяр хоёр орчуулан, Жавхлантөгс, Гэрлээ нар дуу оруулж, Энхсайхан дууны найруулгыг нь хийснээр үзэгчдэд хүргэсэн. Тэд бүгдээр кинонд дуу оруулах ажлын  мэдэгдэхүүнгүй байсан хэдий ч зориглон барьж авч  хойшдын том эхлэлээ тавьж чадсан юм. Орчуулагч Д.Болдбаатар  хожмоо хятад хэлний  том  дуун  хөрвүүлэгч  болсныг үзэгчид  андахгүй   мэднэ. Нийслэлээс Элбэгсайхан тэргүүтэй мастеруудыг  урьж ирүүлэн залуусаа сургаж  байлаа.Орчуулгын киноны дуу оруулагч Дашзэвэг, Долгорсүрэн, Жавхлантөгс, Ариунзаяа, Анхбаяр, Мөнх-Од, Нарангэрэл,Мөнхтуяа, техникч Бадрах зэрэг залуус анхдагчид  нь. Тайваны уран сайхны “Хуан Жу Гэг”, “Цаст уулын нисдэг үнэг”, “Луун хаалгат буурчийн  газар”, Японы “Токиогийн  дурлалын түүх”, “Хоёулаа гэрлэх үү” гэх мэтээр “Аа Жи Би”-гийн орчуулан дуу оруулсан киноны хальс сүүлдээ бүтэн архив дүүрсэн билээ.   

Инженер Ж.Гантөмөр – Манайх техникийн зарим шийдлийг анх  түрүүн  хэрэгжүүлсэн. Дэлгэцийн доогуур урсдаг  зар мэдээллийг “Политекст” гэдэг  төхөөрөмж ашиглан явуулсан. Хөдөө орон нутгийн телевизүүдээс анх удаа олон ангитай кинонд дуу оруулах ажлыг 10 гаруй жил тогтвортой хийсэн. Нэвтрүүлэг дамжуулах, дахин дамжуулах төхөөрөмжийг Оросын  Новосибирск хотын Техникийн  Их  Сургуулийн түншүүддээ захиалж хийлгэн  авчирсан. Энэ төхөөрөмжөө Эрдэнэт,Төв, Дорнод аймгийн телевизүүдэд тусалж нийлүүлсэн. 

Сэтгүүлч Р.Жавхлантөгс-  Сургууль төгсөж ирээд 1997 оны намраас шууд л мэдээнд ажилласан. Дараа нь телевиздээ олуулаа болоод би хөгжмийн хөтөлбөр санаачлан хөтөлсөн. Хүүхэд залууст  таалагдаж үзэгчидтэй жинхэнэ амьд холбоо тогтоосон гэж  боддог. Тэдний ирүүлсэн захиа, зурсан зураг,  бэлэг дурсгал студид  багтахгүй болохоор нь ханаар өлгөж  үзэсгэлэн хүртэл  гаргаж байсан  удаатай. “Топ 10” хөтөлбөр, “Агаарын буудлага”-нь анхны шууд дамжуулалттай шоу нэвтрүүлэг байлаа. Хөгжимт танин мэдэхүйн “Энэ тухай” нэвтрүүлгийн  үзэгчидтэйгээ одоо ч холбоотой явдаг. Хамт ажиллаж байсан анд нөхөддөө баяр хүргэе!    

Сэтгүүлч Г.Анхбаяр - “Аа Жи Би” телевиз, Аараа ах хоёр намайг хэвлэл мэдээлэлд эргэлтгүй хөтөлж оруулсан.  Сургууль төгсч ирээд энэ телевизэд ажилд оронгуут мөн ч олон ажил хийж билээ. Энэ нь надад том сургууль  болж телевизийн  олон  төрөл янзыг мэдрүүлсэн. Мэдээнд явж, ярилцлага хийж, кинонд дуу оруулж, нэвтрүүлэг эвлүүлсэн. “RGB news” сонинд Аараа ахын өгүүлэлд график зургийг нь зурсан. Фото зургаа ч шамдан авсан. Телевиз маань намайг бүрэн чиглүүлж өгсөн ачтай.“RGB” телевиздээ амжилт хүсье!  

С.Эрдэнэцэцэг.  Дархан хот. Бурхантын хөндий.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%