Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

А.Энхболд: Дарханд засаглалын хямрал нүүрлэсэн, нэг хүний засаглал тогтчихсон

2015-10-20

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-аар тус хурлын дарга Ч.Цэндсүрэн, Засаг дарга С.Насанбат нарыг огцруулсан шийдвэр гаргасан. Уг шийдвэр гарсны дараа Дархан-Уул аймгийн шинэ, хуучин Засаг дарга нарын хооронд асуудал үүссэн нь аймгийн иргэдийг ихээхэн бухимдуулж байх шиг байна. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Дархан-Уул аймгийн МАН дотор хагарал бутрал гарсан нь аймгийн иргэдийг бухимдуулж байгааг нуух хэрэггүй байх. Дархан-Уул аймагт ямар асуудал үүссэнийг тайлбарлая. Дархан-Уул аймгийн ИТХ нь 33 төлөөлөгчтэй. Үүний арван төлөөлөгч нь МАН-ын гишүүд байдаг. Өөрөөр хэлбэл, гуравны нэг нь Засаг даргыг огцруулах шийдвэрт гарын үсэг зурчихаар Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн дагуу 15 хоногийн дотор хуулийн хүрээнд асуудлыг хэлэлцэж болно гэсэн үг. Өнгөрсөн тавдугаар сард бид Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг огцруулах асуудлыг тавьж 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр гарын үсэг зурж өгсөн. Гэтэл гарын үсэг зурсан ИТХ-ын зарим төлөөлөгчийн нэрийг буцааж татуулах ажлыг Засаг дарга С.Насанбат хийж эхэлсэн. Тодруулбал, Дархан- Уул аймгийн Ардчилсан намын дэд дарга Төмөртогоог нэрээ татахыг хүссэн. Уг нь бол Төмөртогоогийн нэр ороод нийт 11 гишүүн Засаг даргаа огцруулах шийдвэрт гарын үсэг зурсан юм. Ингээд Засаг дарга С.Насанбат Төмөртогоод замын тендерийг хууль бусаар авч өгсөн байдаг. Энэ бүхэн баримттай. Үүний дараа бүх намын төлөөлөл оролцсон ИТХ хуралдах байсан ч хойшлогдсон. Хурлаа хийж чадахгүй асуудал үүсээд байсан учраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хурлаа хуулийн дагуу яаралтай хуралдуулахыг шаардаж албан бичиг хүргүүлсэн. Гэсэн ч хурлаа хийж чадахгүй байсаар зуны сартай золгож наймдугаар сарын 31-нд хурлын товыг зарласан.

-Бүтэн гурван сарын турш ИТХ хуралдаж чадаагүй гэсэн үг үү. Асуудлын гол нь юу байсан юм?

-Дархан-Уул аймгийн ИТХ-ын дөрвөн төлөөлөгчийн асуудал шүүхийн шатанд явж байсан юм. 11 төлөөлөгчийн дөрөв нь хасагдаж, таван төлөөлөгч нь хуралдаа оролцсон. Наймдугаар сарын 31-ний өдөр болсон хуралдаан дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Дээд шүүхийн шийдвэр гарсан учраас дөрвөн төлөөлөгчийг тооцохгүй гэсэн. Ингээд таван төлөөлөгч асуудлыг хэлэлцсэн. Эдгээр төлөөлөгчид ийм асуудлыг хөндөж тавьсан. С.Насанбат даргыг яагаад огцруулахгүй байна вэ, орон нутаг ямар ч удирдлагагүй боллоо, орон нутгийн үйл ажиллагаа царцсан байна, өвөлжилтийн бэлтгэл ажил гэж байхгүй болсон байна, үүнийг яаралтай шийдвэрлэхгүй бол ард иргэдийн амьдрал хэцүүдлээ гэсэн. Энэ нь ч үнэн юм. Өөрөөр хэлбэл, С.Насанбат дарга ИТХ-аа хуралдуулахгүй яваад байсан нь өөрөө хууль бус үйл ажиллагаа. Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө удаа дараа хурал хойшлуулдаг, огцруулах саналыг хүлээж аваагүй. 

-С.Насанбат даргыг огцруулах үйл ажиллагаа нь хууль бус болсон гэж үзээд байгаа шүү дээ. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?

-Өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн өөрөө зарлаж ИТХ-ыг хуралдуулсан. Засаг даргын сонгууль хууль дүрмийн дагуу болсон. ИТХ-ын 21 төлөөлөгчид хуралд оролцсон. ИТХ-ын тэргүүлэгчдийн тоогоор би олонхийн дэмжлэг авч Засаг даргаар сонгогдсон. Ямар ч хууль бус үйл ажиллагаа тэнд явагдаагүй. Хуралд бүх намын төлөөлөгчид оролцож гуравны хоёр нь дийлэнх олонх болсон юм. Бүх үйл явц процедурын дагуу болсон байдаг. Харин есдүгээр сарын 15-ны өдөр болсон хурлын дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрын эрхлэх газарт хүсэлт гаргаж, дээрх хурлыг хүчинтэй, хүчингүй эсэхийг шалгуулахаар хандсан. Тэд өмнө нь наймдугаар сарын 31-ний өдөр болсон хурлын дараа Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг юм билээ. Дарханы Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өмнө болсон хурлыг хүчинтэй гэж тооцсон. Гэтэл үүнийг нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хүлээн зөвшөөрөхгүй шүүхээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасаар байтал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдыг хууль бусаар баталсан гэж үздэг. Ингээд ажлын хэсэг байгуулан намайг шалгаж эхэлсэн. Давхар давхар шүүлтүүрээр шүүгээд намайг томилоход ямар ч асуудал байхгүй гэж үзээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг есдүгээр сарын 18-ны өдөр Засаг даргаар батламжилсан. 

-Сүүлийн үед орон нутгийн Засаг дарга нарын тэмцэл хэвлэлээр ил тод гарч эхэллээ. Нөгөө талаар нэг намын хоёр хүн хоёр талд гараад байгаа нь сонирхол татаж байна. Яагаад ийм байдалд хүрэв?

-С.Насанбат бид хоёрын зөрчил гэхээсээ илүү Дарханд засаглалын хямрал нүүрлэсэн байна. Ялангуяа төрийн ажил хийдэггүй, хийрхдэг, намын хорооныхоо хурлыг хийдэггүй, сүүлийн нэг жилийн хугацаанд бүлгийн хурлаа хийгээгүй байх жишээтэй. ИТХ-ын төлөөлөгчид нь хурлаа хийхийг шаардаад байхад асуудлыг авч хэлэлцдэггүй. Нэг хүний ноёрхлыг тогтоохыг оролдож байгаа нь Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг огцруулах шалтгаан болсон. Энэ бүхэнд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ихээхэн оролцож байгаа нь Дарханы иргэдийг бухимдуулж байгаа. Зөвхөн нэг Засаг даргын томилгоон дээрээс үүнийг харж болно. Уг нь бид ингэж хэвлэлээр талцах хэрэггүй юм. Намын эв нэгдлээ бодсон ч, цаашдаа сонгуульд оролцохоо тооцсон ч намын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Тиймээс бид сүүлийн гурван жилийн хугацаанд огт хэвлэлд хандаагүй. Бүгдийг тэвчиж суусан. Харин өнөөдрийн нөхцөл байдлыг харахад аймаг нь удирдлагагүй, бүх зүйл нь зогсчихсон учраас асуудлыг дэлгэн тавьж байна. 

-Энэ асуудалд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа яаж нөлөөлж байгаа юм бол?

-УИХ-ын гишүүнийг ард иргэд сонгодог. Сонгуульд Дарханаас нэр дэвшиж гарчихаад зөвхөн нэг хүний төлөө ажиллаад байж болохгүй. Д.Хаянхярваа гишүүн С.Насанбатын асуудлыг яриад эхэлсэн үеэс л хувь хүний харилцаагаар хандсан. Тэрээр энэ хүн Засаг дарга байх ёстой, та нар гудамжиндаа гар гэсэн. Дарханыг өмчлөх гэсэн “хаант засаглал” тогтоохыг хүссэн. Дараа дараагийн Засаг даргын нэрийг нэр цохож хэлдэг болсон. Нэр цохсон хүн өөрийнх нь хүн байх жишээтэй. Ямар ч намын харьяалалтай байсан ингэж төрийн залгамж халааг алдагдуулж болохгүй. Төрийн ажил хуулийн дагуу ил тод зарчмаар явах ёстой. Хэрвээ хувийн компани байсан бол ийм асуудлыг ярьж болно. Харамсалтай нь, төрийн ажлыг төрөлжүүлдэг, танил талаараа дамжуулан төрийн ажлыг цалгардуулдаг явдал манайд хэрээс хэтэрсэн. Түүнээс биш бид өнөөдөр хэн нэгнээр өшөө хорсол тайлах гэж бие биеийнхээ мууг үзэх гээд байгаа асуудал ерөөсөө байхгүй. 

-Таныг сургууль төгсөөгүй талаар олон нийтийн сүлжээн дээр тавьсныг уншсан. Энэ ямар учиртай юм бол?

-Энэ асуудал бол дэндүү хувь хүний нууцад халдсан хэрэг болсон. Одоо миний төрсний гэрчилгээг шалгахаас наагуур зүйл болж байгаа. Би Дарханы техникийн их сургуулийг төгссөн. Энэ бүгдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Дархан- Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар, БСШУЯ-наас шалгаж байна. Удахгүй шалгалтын дүн гарна. Тэр үед би хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сургуулийнхаа диплом, бусад бичиг баримтыг дэлгэж тавина. Хамгийн гол нь яагаад хувь хүний нууцад ийн бүдүүлгээр хандах болсон нь анхаарал татаж байгаа. Тухайн үед Тамгын газрын архивын сан хөмрөгийн эрхлэгч нь ээлжийн амралттай байхад доод албан тушаалтан руу нь Д.Хаянхярваа гишүүн өөрөө яриад миний тодорхойлолтыг гаргуулж авсан юм билээ. Нөгөө албан тушаалтан нь даргыгаа байхгүйд гарын үсгээ зураад тодорхойлолт гаргаад өгчихсөн. Уг нь бол тэр ажилтан гишүүнд хувь хүний материалыг ингэж гаргаж болохгүй гэхэд нь, би мэдэж байна гээд гаргуулж авсан байна. Өнөөдөр энд А.Энхболд гэдэг хувь хүний асуудал яригдаж байгаа мэт харагдавч цаад утгаараа төрийн ажилд хөндлөнгөөс илт хууль бусаар нөлөөлдөг гэдэг нь харагдаад байгаа. Тиймээс л бид үүнтэй хатуу тэмцэнэ гэж яриад байгаа шүү дээ. Холбогдох байгууллагууд намайг шалгаад дууссаны дараа би албан ёсоор шүүхэд хандана гэж бодож байгаа.

-Та Засаг даргаар томилогдон ажиллаад нэг сар боллоо. Энэ хугацаанд ямар ажил амжуулав даа?

-Өнөөдөр улс эх орны эдийн засаг хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Зарим нэг данс тооцоо хаагдсан, хүндхэн ажил хүлээж авлаа. Гэхдээ энэ бүхнийг зохицуулан ажиллана. Сүүлийн нэг сарын хугацаанд Дархан-Уул аймгийн үйл ажиллагаа ерөнхийдөө зогсонги болчихсон байв. Ажлаа авсныхаа дараа хамгийн эхлээд Аймгийн Онцгой комиссыг хуралдуулсан. Нэн тэргүүнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг яаралтай хийх шаардлагатай байсан. Зарим байгууллага дулааны асуудлаас болоод үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон байсан. Тухайлбал, Дарханы төвийн гурван цэцэрлэг халаалт байхгүйгээс 900 гаруй хүүхэд цэцэрлэгтээ явж чадахгүй болчихсон. Мөн Шарын гол, уурхай хоёрын өрийн асуудлаас болоод нүүрсний үнэ дээр их, бага гэсэн зөрчил үүссэн. Эдгээр асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн Хонгор сумын уурын зуух гэмтэлтэй байсныг Засаг даргын нөөц хөрөнгөөс мөнгө төсөвлөж шийдэж өглөө. Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжийг Ус сувгийн удирдах газрын ажлынх нь өртгөөр гүйцэтгэж өгөхөөр болсон. Ерөнхийдөө өвөлжилтийн бэлтгэл ажил хэвийн байна. Гэхдээ амьжиргааны төвшин муудаж байгаа нь мэдрэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн орлого гурван тэрбум төгрөгөөр тасраад байгаа нь санаа зовоож байгаа асуудлын нэг байна. 

-Нэг Засаг дарга томилогдохоор нэлээд олон төрийн албан хаагч ажилгүй болдог нэг жишиг тогтсон байна. Та ажлаа авсныхаа дараа халаа сэлгээ хийв үү?

-Намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гүтгэж байгаа. Сургууль, цэцэрлэг, цэвэрлэгч, үйлчлэгч нарыг халж солих гэнэ гэсэн байна лээ. Өнөөдрийн байдлаар нэг ч хүнийг ажлаас нь халаагүй байгаа. Харин надтай ажиллах сонирхолгүй гэсэн бодолтой хүмүүс өөрсдөө өргөдлөө өгсөн тохиолдол гарсан. Тухайлбал, намайг ажлаа хүлээж авсан өдөр Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, жолооч, туслах, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга өргөдлөө өгсөн. Би их гайхсан. Өнөөдөр Энхболд гэдэг хүний хувийн компани биш шүү дээ. Төрийн залгамж халааг залгамжилж авсан төрийн албан хаагчид. Тэд надтай ажиллах сонирхолгүй, хүсэлгүй байж болно. Төрийн ажлыг шууд хаяад гарч байгаад нь гайхсан. Өнөөдөр төрд ажиллах сонирхолтой, сэтгэлтэй хүмүүс мянга мянгаараа ажлын байраа хүлээгээд сууж байгаа. Гэтэл дарга нь солигдохоор өөрсдөө гүйж орж ирээд өргөдлөө өгдөг. Зарим нэг дарга нь уулзаагүй, өргөдлөө бичиг хэрэгт үлдээгээд гарсан байна лээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Чүлтэмбат гэхэд өөрөө ИТХ-ын төлөөлөгчийн суудлаа өгчихөөд энэ албан тушаалд томилогдсон хүн. Тамгын газрын даргын албан тушаал гэдэг өндөр албан тушаал. Ажлаасаа гарч байгаа юм бол хууль дүрмийн дагуу өргөдлөө өгөөд, ажлаа хүлээлгэж өгөөд явах учиртай. Төрийн ажлын ёс зүйг уландаа гишгэж байгаа хүмүүст хариуцлага тооцох л учиртай.

-12 хүнийг ажлаас нь халсан гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар тодруулаач?

-Мэдээлэл технологийн албаны сэтгүүлч хариуцлагагүй үйл ажиллагаа явуулсан. Тодруулбал, Засаг даргын Тамгын газартай холбоотой мэдээ, мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй, зарим мэдээллийг зохион байгуулалттайгаар өөрчилсөн байсан. Бичиг хэргийн хүн өөрөө ажлаасаа чөлөөлөгдсөн. Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга төрд ажиллах боломж олгооч гэсэн хүсэлт тавьсны үндсэн дээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгсэн хэрнээ удалгүй ажлаасаа халагдсан гэсэн тушаал гаргаж өгөөч, халагдсаны тэтгэмж авмаар байна гэсэн. Түүний энэ асуудал илт луйврын шинжтэй учраас Тамгын газрын зүгээс зөвшөөрөөгүй. Хоёр хүнд хариуцлагын арга хэмжээ авсан. Ажлаасаа чөлөөлөгдсөн хүний орон тоон дээр дахин хүн томилох асуудал тавигдсан юм. Ингэхдээ АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн урьдчилсан байдлаар бичиг авдаг. Бид Тамгын газрын Хөгжлийн бодлогын орон тоон дээр нэг хүний нэрийг санал болгон материалыг АТГ руу бичиг явуулахаар зэхэж байсан юм. Гэтэл энэ явуулах бичгийг нь Засаг даргын Залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байсан хүн аваад олон нийтийн сүлжээн дээр тавьсан асуудал гаргасан. Төрийн байгууллагын дотоод журам гэж бий. Энэ журмын дагуу түүнийг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж, бичиг хэргийн эрхлэгчийг цалингийн 10 хувиар торгосон. Мэдээж хууль дүрэм зөрчсөн, төрийн залгамж халааг алдагдуулсан хэн ч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Энэ жишгээр л бид ажиллана. Би ажлаа аваад хоёр хүнийг ажилд томилсон. Энэ нь Тамгын газрын дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нар байгаа. Эдгээр хүмүүс одоохондоо жинхлээгүй, түр гүйцэтгэгчид гэсэн орон тоон дээр явж байна. Жинхлэхийн тулд Төрийн албаны сонгон шалгаруулалтад орох ёстой. Ер нь бид Тамгын газрын ажилтан, албан хаагч нартаа хэлж байгаа. Та бүхний хэнийг ч хольж солихгүй ээ, үүрэгт ажлаа хий, өөр өөрийнхөө ажлыг нэр төртэй, хариуцлагатай хийж байхад ч энэ тэрний хүн гэсэн ялгааг гаргахгүй гэдгээ албан ёсоор хэлсэн.

-Танай аймгийн хувьд албан тушаалын наймаа их явагддаг гэсэн мэдээлэл байдаг. Сүүлийн үед Дарханыхан “намыг нь сольж байж, хүнийг солино” гэдэг болсон гэсэн?

-2016 оны сонгуулийг хүлээж, МАН-ыг унагах нийгмийн сэтгэл зүй үүсээд байгааг үгүйсгэх аргагүй. МАН-ын дүрэм журмыг уландаа гишгэж намыг өөрийн тойрон хүрээлэгч, мөнгө санхүүгийн найз нөхдөөр хүрээлүүлж, үнэндээ бодлогын төвшинд ялзрал явагдаж байгаа нь харагдаж байна. С.Насанбат Засаг даргаар ажиллах хугацаандаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр “МАН ялагдлаа”, “МАН дахь урвагч залуучууд” хэмээн ярьсан нь энгийн иргэд болон намын гишүүдийн дургүйцлийг ихэд хүргэсэн. Үүнээс болж намын нэр хүнд ч унасан. Хамгийн наад зах нь сонгуулийн хууль зөрчсөн олон үйлдлийг нэр дэвшигчид дээрээ гаргуулж, энэ нь сөрөг хүчинд ашигтайгаар эргэж өнөөдрийг хүртэл шүүхээр эцэс төгсгөлгүй маргаан явагдаж, ИТХ-д намаас гарсан дөрвөн төлөөлөгчөө эргүүлэн татуулах хэмжээнд хүрсэн нь эрх барих боломжийг улам л хэврэгшүүлсэн. С.Насанбат даргын хууль зөрчсөн энэ мэт олон үйлдлийг бид жилийн өмнөөс хэлж, бүлгийн хурал дээр ярьж байсан. Сөрөг хүчний зүгээс түүнийг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр ИТХ-ыг хуралдуулах өргөх бичиг өгчихөөд байхад нам доторхи зөрчлийг гүнзгийрүүлэхгүйгээр асуудалд хандахын оронд биднийг янз бүрээр хардаж сэрдэх, дарамтлах уулзахгүй бултах, намаас хөөх асуудлыг тавьсаар л байсан. 

-Нэг намын гишүүд бие биеэ түлхэн унагаах нь мэдээж масст таалагдахгүй. Өөр боломж байгаагүй хэрэг үү?

-Намын удирдах зөвлөлийнхөн залуучуудтайгаа нэг бүрчлэн уулзаж дотоод эв нэгдлээ ханга гэсэн үүргийг С.Насанбатад удаа дараа өгсөөр байтал үүргийг биелүүлээгүй. Тиймээс түүнийг огцруулж, МАН-ын нэр хүндийг сэргээж 2016 оны сонгуульд ялалт байгуулна гэсэн шийдвэрт хүрсэн. Намын гишүүдийн уур амьсгал, нам дотор болоод байгаа зөрчилдөөн, намын угшилтай гишүүдийн хэлмэгдүүлэлтээс гарах сөрөг үр дагавар болон массын сэтгэл зүйг харахад үүнээс өөр арга зам байхгүй гэдэг нь харагдсан. Нөгөө талаас энэ байдал удаан үргэлжилбэл, бид ч энэ хүний хэмжээгүй дарангуйлалд хэлмэгдэх нь тодорхой байсан. Намын даргын урвагч гэж цоллоод байгаа тэр залуучууд хар багаасаа МАН-тай хувь заяагаа холбосон, намын анхан шатнаас эхлээд намын дэргэдэх залуучуудын байгууллагаар дамжин төлөвшиж, удаа дараалан аймагт болон сумдаа, намдаа суудал авчирч, намын үйл хэргийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа тийм л хүмүүс юм.


Н.Гэрэл


Эх сурвалж: http://www.tsenzurgui.mn/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%