Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Нутгийн удирдлагын шинэчлэлийн асуудал буюу Нутгийн өөрөө удирдах байгууллагын мөн чанар

2015-10-11

    Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлогыг зохистой тодорхойлон түүнийг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн санал бодол, оролцоонд тулгуурлан ажиллах, хүний хөгжлийг хангах боломж нөхцлийг бий болгох, нутгийн өөрөө удирдах ёсыг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх нь аймгийн хурлын үйл ажиллагааны үндсэн зорилт юм. Дээрх зорилтоо хэрэгжүүлэх, амжилтанд хүрэх хамгийн дөт замыг бид олж харж орон нутгийн хэмжээнд үйл ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлэхэд хурлын байгууллагаас анхаарч байна.  
    Дархан хотын статусын асуудал тодорхой бус байсантай холбоотойгоор Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар хуульчлагдсан орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоо манай аймагт 1994 онд явагдсан сонгуулиар бүрэлдэн бий болсон юм. Энэ үеэс хуулинд нарийвчлан тусгагдаагүй тодорхой асуудлуудыг зохицуулсан дагаж мөрдөх олон дүрэм журмуудыг гаргаж хэрэгжүүлж байна. 
     Монгол улсын 1992 онд батлагдсан Үндсэн хуульд манай улсын нутгийн удирдлагын тогтолцоо шинэчлэгдэн нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлэх тухай заасан. Энэ нь иргэдэд шийдвэрээ тулган хүлээлгэдэг тогтолцооноос төр нь иргэндээ үйлчилдэг, иргэн нь засаг төрөө хянадаг, иргэддээ сайн сайхан амьдралынхаа төлөө өөрсдөө тэмцэж, өөрсдөө бий болгодог тэр л нөхцөлийг бий болгох боломжийг олгосон явдал юм.
    Иргэд ашиг сонирхолоо хамгаалахын тулд өөрөө өөрсдийгөө зохион байгуулан нэгдэх нэг хэлбэр нь Нутгийн өөрөө удирдах байгууллага юм. Аймаг, сумдын ИТХ, багийн ИНХ-д иргэдийн идэвхи санаачилга, оролцоо ямар чухал үүрэг, ач холбогдолтой болох, энэ байгууллага нь нийгмийн удирдлагад ямар байр суурь эзэлдэг, төртэй хэрхэн харилцдаг тухай зэрэг цөөнгүй асуудлын мөн чанарыг нээж, жинхэнэ агуулгаар нь хэрэгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. 
    Ерөнхий утгаараа иргэн гэдэг нь аливаа нэг улсад албан ёсоор харъяалагдаж, хуулиар олгосон эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэх, эрх ашгаа хамгаалуулах баталгааг бүрэн эдэлж байгаа хүнийг хэлдэг. Энгийн мөртлөө иргэдийн амьдралын сайн сайхан байдлын агуулга болсон энэ утга санааны хэрэгжилт манай улс оронд ямар байгаа, энд төр засгийн болон орон нутгийн удирдлага, иргэд тус тусынхаа үүргийг гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд л асуудлын гол нь байгаа юм.
    Монгол улсын Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийн 57-63 дугаар зүйлд заасан дээрх үзэл санааг бататгах чиглэлээр нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудлуудыг Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль зэрэг 80 гаруй хуулийн холбогдох заалтаар зохицуулагдаж байна. 
     Манай орны нутгийн өөрийн удирдлагын хөгжлийн түвшинг судлаачдын бүтээл, туурвил, олон улсын тунхаг бичгүүдтэй харьцуулан авч үзэхэд онол практикийн хувьд шийдвэрлэвэл зохих асуудал цөөнгүй байгаа юм. Энэ нь улс орныхоо онцлогт тохирсон нутгийн өөрийн удирдлагын оновчтой хувилбарыг боловсруулах шаардлагатайг харуулж байна. 
    Ард түмэн төлөөлөгчөөрөө дамжуулан удирдлагаа хэрэгжүүлэх, тэдний эрх мэдэл, ажиллах цар хүрээг тодорхойлж, түүнд нь хяналт тавин ажилладаг эрх зүйт тогтолцоог ардчилал гэж нэрлэн, түүний ач холбогдлын талаар олон арван судлаачид үзэл бодлоо илэрхийлж иржээ. 
    Нутгийн өөрөө удирдах ёс, түүний мөн чанар болсон хүн, хүний нийгмийн жам ёсны заяамал эрхийн талаар гадаадын болон үндэсний судлаачдын үзэл бодлыг нэгтгэн судалж үзэхэд дээрх асуудлын хариуг удирдлагын ардчилсан хэлбэрийн нэг чухал үндэс болох нутгийн өөрөө удирдах ёсыг орон нутагт хөгжүүлж, ард иргэдийн хүсэн хүлээж буй зүйл өөрсдөөс нь шалтгаалах нөхцөлийг бүрдүүлснээр тодорхойлогдоно гэсэн ерөнхий баримтлалаас хайх ёстой гэсэн дүгнэлт зүй ёсоор гарч ирж байна. Өөрөөр хэлбэл нутгийн өөрөө удирдах ёсыг зүй ёсоор хөгжүүлснээр хүн эрх чөлөөтэй байж, нийгмийн амьдралд идэвхитэй оролцон, өөрийнхөө төлөө ажиллаж, хариуцлага хүлээж, амьдрах ингэснээр нийгмийг хүний төрөлх мэдрэмж дээр нь тулгуурлан хөгжүүлэх бололцоог бий болгох явдал юм.
   Энэхүү бололцоог олгож буй нэг хэлбэр нь аймаг, сумдын ИТХ-ын дэргэд “Иргэний танхим”-ыг байгуулж аливаа шийдвэр гаргахын өмнө иргэдээсээ асууж, иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал, хүсэлт мэдээллийг хүлээн авах, орон нутгийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцэх, иргэдийн саналыг сонсох, орон нутгийн түвшинд гарах шийдвэрийг сайжруулах, бодитой, үр дүнтэй шийдвэр гаргахад олон нийтийг оролцуулах, иргэдийн  санал, хүсэлтийг хүлээн авах, орон нутгийн хөгжлийн бодлогод тусгах ажлуудыг хийж эхлээд байна. 
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийнхээ төлөө ажиллаж, энэхүү байгууллагаас гарч буй шийдвэр бүр нь иргэдэд дандаа боломж болж очих ёстой. Аливаа шийдвэр гаргахын өмнө иргэдээсээ асууж, тэднийг сонсож байх нь чухал. Ингэхийн тулд ИТХ-ын дэргэдэх “Иргэний  танхим”-ын үйл ажиллагааг шинэ зохион байгуулалтанд шилжүүлж, иргэд цуглаж, шийдвэр гаргагчидтай, мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй хамтран аймаг орон нутгийнхаа өмнө тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэж байх боломжийг бий болгосон. 
    Манай аймгийн хувьд Иргэний танхимын хэлэлцүүлгийг сум, багийн иргэд, малчид, хүнс, барааны захын түрээслэгчид, хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд, үе үеийн депутатууд, төлөөлөгчид гэх мэтчилэн нийгмийн бүлэг тус бүрээр, ажлын байран дээр нь очиж, сонгогдсон Төлөөлөгчдийг нь оролцуулан хийж тэдэнд тулгамдаж буй асуудал, аймаг, орон нутгаа хөгжүүлэх талаарх санал бодлыг нь авч,  цаашдын хөгжлийн бодлогод тусгаж ажиллаж байна.  
2013 онд 25  удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж хэлэлцүүлэгт  давхардсан тоогоор нийт 1500 гаруй иргэн оролцсон бол 2014 онд 40 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, давхардсан тоогоор 3500 гаруй иргэн, орон нутгийн шийдвэр гаргагч түвшинд ажиллагсад болон иргэний нийгмийн төлөөлөл оролцож, иргэдийн саналууд аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж шийдвэрүүдэд тусгалаа олсон байна.
     Тухайлбал: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар Иргэний Танхимаар болон багийн Иргэдийн нийтийн хурлаар дамжуулан иргэдийн дунд санал асуулга өрнүүлж, хөрөнгийн хуваарилалтыг эрэмбэлж байна. Энэ ажилд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид ч идэвхитэй оролцож байна. Жишиг хороолол, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, зам засвар, цэцэрлэг барихыг иргэд түлхүү хүссэн учир иргэдийн саналын дагуу бүтээн байгуулалтууд хийгдсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр өгсөн зээл, төслүүд үнэхээр эзнээ олсон уу, зээлийн үр дүн нь ямар байна гэдгийг иргэдээрээ хэлэлцүүлж, үр дүнг тооцлоо. Хотын соёлыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд иргэдээсээ санал авч, Дархан хотын иргэдийн мөрдөх “Хотын дүрмийн төслийг боловсруулж, Иргэний Танхим, багийн Иргэдийн Нийтийн Хурал, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн санал аваад байна. 
   Энэ мэтчилэн иргэдээсээ асуусан, зөвлөсөн, санаа бодлыг нь тусгасан хамтын шийдвэрүүд амьдралд ойрхон байдаг учраас үр дүнгээ өгч байна. 
    Нутгийн Өөрөө Удирдах Ёсыг хөгжүүлэхэд анхаарах бас нэг амин чухал асуудал бол олон түмнийг нийгмийн амьдралд идэвхитэй оролцуулахад сургах, өөрөөр хэлбэл би өөрөө юу хийх вэ?, би өөрийгөө хэнээр төлөөлүүлэх вэ? төлөөлүүлсэн хүмүүсээ хэрхэн дүгнэн цэгнэх вэ? тэдэнтэй хэрхэн хариуцлага тооцох вэ? гэх зэрэг асуудлаар зөв ойлголт төсөөлөлтэй байж, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай болгох явдал юм. 
Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Иргэдийг соён гэгээрүүлэх зөвлөл”-ийг байгуулж аймгийн ИТХ-аас иргэдэд чиглэсэн сургалтыг зохион байгуулж байна. Тухайлбал: Шинээр гарсан хууль тогтоомж болон иргэдэд зайлшгүй  шаардлагатай мэдвэл зохих эрх зүйн асуудлаар иргэдийн дунд 2013, 2014  онуудад  12 удаагийн сургалт явуулж 1200 гаруй хүнийг хамрууллаа. 
    Аймгийн Шүүхийн Иргэний танхимтай хамтран Шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн 6 багц хуулийг сурталчилан таниулах нээлттэй сургалт, нийгмийн ажилтнуудын ур чадвар, хууль тогтоомжийн мэдлэг, ёс зүй, харилцаа болон нийгмийн ажлыг сайжруулах ажлуудыг шат дараатайгаар эхлүүлэх, тэдний санаа бодол, санал санаачлагыг хүлээн авч хэрэгжүүлэх, олон улсын түвшин дэх ололт туршлага, шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэх, салбар хоорондын нийгмийн ажилтнуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор аймгийн Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтэстэй хамтран “Салбар бүрийн нийгмийн ажилтны онцлог ба хөгжил” сургалтыг  зохион байгуулж нийт  200 гаруй хүнийг хамрууллаа. 
- Мөн аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимаас Дархан сумын Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид болон Цайхун дунд сургуулийн сурагчид, Төмөр замын дохиолол холбооны 1 дүгээр анги, Төмөр замын зангилааны 250 гаруй ажилчдад Нутгийн Өөрөө Удирдах Байгууллага түүний  эрх зүй сэдвээр сургалт явуулж өөрөө удирдах байгууллагын мөн чанар, иргэд хэрхэн өөрийнхөө төлөө болон нийгмийн амьдралд оролцож бодитой үр дүнтэй шийдвэр гаргах талаар  тодорхой ойлголт өгсөн  ач холбогдолтой сургалт болсон юм. 
    -Ялангуяа мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Жэндерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Концессын тухай хууль болон Тахарын албаны тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Төсвийн тухай  зэрэг хууль тогтоомжууд болон бусад шинээр батлагдсан хуулиуд аймгийн ИТХ, Засаг даргаас гаргасан хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийн талаар аймгийн Хууль зүйн хэлтэстэй хамтран үе шаттай сургалтуудыг зохион байгуулж хэвшээд байна. 
    Хүн төрөлхтөний түүхэнд ард түмний оролцоо, хяналт дутагдсанаас төр ард түмнээсээ хөндийрч, тэднийхээ эрх ашгийн төлөө оюун ухаан, хүч бололцоогоо дайчлан ажиллахын оронд өөрсдийн болон хэсэг бүлгийн эрх ашгийг бүхнээс тээгүүр тавьж, ард түмэнд үйлчлэгч гэдгээ умартан, тэдний санал бодлыг үл хайхран, хүсэл зорилгоо нийгэмд тулган хүлээлгэж, дураараа авирлаж, төрийг дарангуйлагч хүчин болгосон гашуун туршлага цөөнгүй байсныг бид мэднэ.  Иймээс иргэд маань тодорхой мэдлэг мэдээлэлтэй байж, нийгмийн амьдралд идэвхитэй оролцож, төрийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах боломжтой, эрх зүйт ардчилсан тогтолцоог  бий болгох шаардлагатай. 
     Энэ мэт ардчилсан эрх зүйт төрийн үндэс болсон нутгийн өөрөө удирдах байгууллагыг дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага, хүн төрөлхтөний жам ёсны эрхэд тулгуурлан боловсронгуй болгоход хууль тогтоогчид, орон нутгийн шийдвэр гаргагчдын идэвхи  санаачилга чухал шаардлагатай байна. 
    Иргэд өөрсдөө өөрсдийнхөө төлөө ажиллаж амьдрах нөхцөлийг орон нутагтаа улам бүр хангах, өөрсдийнхөө хүчин мөхөсдсөн асуудлыг төртэй гэрээ байгуулан хариуцуулж, түүнд хяналт тавин ажилладаг иргэн төвтэй нийгмийг төлөвшүүлэн, хөгжлийнх нь зөв голдрилд оруулж, иргэдийн ая тухтай аж төрөх нөхцлийг хангахад бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа чухал юм.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн
бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%