Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Хөгжилд Хүүхдийн оролцоо" аймгийн хүүхдийн 8-р чуулган болж байна.

2015-10-09

Монгол улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой энэхүү өдрүүдэд тохиож байгаа билээ. Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд  "Хөгжилд Хүүхдийн оролцоо" аймгийн хүүхдийн 8-р чуулган нээлтээ хийлээ. Чуулганы эхэнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид мэндчилгээ дэвшүүлсэн юм. Чуулганы үйл ажиллагааг нээж аймгийн ИТХ-ын дарга, аймгийн хүүхдийн элч Т.Болдбаатар үг хэллээ. Үүний дараа аймгийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн А.Эрдэнэбаатар үг хэлж өнгөрсөн хугацаанд хүүхдийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа хүүхэд багачуудад танилцууллаа. Чуулганы үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн бүх сум, сургуулиудын төлөөлөл болсон хүүхдүүд оролцож, өөрсдийн үзэл бодол дуу хоолойгоо олон нийт болон шийдвэр гаргагч нарт хүргэж байна. 

Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар Монгол улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан “Хөгжилд Хүүхдийн оролцоо” аймгийн хүүхдийн 8-р чуулганы нээлтэнд хэлсэн үг

 2015.10.09

            Эрдмийн шимийг хүртэгч эрхэм хүндэт хүүхэд багачуудаа,

            Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгч багш нараа, үе үеийн хүүхдийн байгууллагын ажилтан, албан хаагч, эрхэм хүндэт зочид оо.

            Та бүхэнд Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Анх 1925 онд шинэ тутам үүсч хөгжсөн хүүхдийн салбар хийгээд хөдөлгөөн эх орны хөгжилд түүхэн гавъяа үүрэг гүйцэтгэснийг бид бүхэн мэднэ. Тэр дундаа “Бошгийг халах залуучуудын эвлэл”, “Хойчийг залгамжлагч багачуудын эвлэл”, “Хэзээд бэлхэн” уриатай Пионерийн байгууллагууд өнөөгийн Скаутын байгууллага, Сурагчдын холбоо,  сурагчдын өөрөө удирдлагын байгууллагууд өнөөдөр ч өөрийн үүргийг биелүүлж үйл ажиллагаагаа идэвхитэй явуулсаар байна. 

Улс орны хөгжил гэдэгт хүний хөгжил, тэр дундаа хүүхдийн хөгжил, боловсролд анхаарч хөрөнгө оруулалт, зөв бодлогоор дэмжсэнээр хэрхэн хүрч болдогийг өнөөгийн дэлхийн хөгжлийг тодорхойлогч улс гүрэн, азийн бар хэмээн нэрлэгдэж буй улс орнуудын хөгжлөөс бэлхнээ харж болохоор байна.

Монгол улс 1990 онд Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэж, 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталснаар хүүхдийн эрхийн хууль эрх зүйн үндсийг тавьсан билээ. 1992 онд батлагдсан Шинэ үндсэн хуулиндаа бид  “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм”-ийг цогцлоон байгуулахаар тусгасан.    Энэхүү нийгмийг эх оронч, хүнлэг сэтгэлтэй, зорилготой, мөрөөдөлтэй, боловсролтой, өв соёлоо дээдэлдэг, эрүүл чийрэг Монгол хүүхэд багачууд маань бүтээн бий болгоно.

            Техник технологи, мэдээ мэдээлийн үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр дэлхийн даяаршил хурдасч, хүүхдийн хөгжил, сонирхол, хэрэгцээ өдөр ирэх тусам өөрчлөгдөж байна. Тэр дундаа хүн амын 37 хувийг 19 хүртэлх насныхан эзэлж байгаа Монгол улс хүүхэд, өсвөр үеийнхний орон болж байгаа өнөө үед тэдний талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны хэлбэрийг өөрчлөх нийгмийн бодит хэрэгцээ урган гарсаар байна.

            Ялангуяа хот хөдөөгийн хөгжлийн зөрөөг арилгах, хүүхэд бие даан суралцах, тэдний авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, зөв бие хүн болон төлөвшихөд нь туслах нь иргэн бүрийн, эцэг эх бүрийн үүрэг байх ёстой.

            Өнөөгийн байдлаар манай аймаг 45490 гаруй хүүхэдтэй байна. Дээрх хүүхдүүдийн маань 17.2 хувь нь ямар нэгэн өмгөөлөл, хамгаалал шаардсан хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүд байгааг мэргэжлийн байгууллагуудын судалгаа, тоо баримтууд харуулж байна. Түүнчлэн сургууль завсардсан, хөгжлийн бэрхшээлтэй, хүчирхийлэлд өртөж байгаа, гэмт хэрэгт холбогдсон, хагас болон бүтэн өнчин, амьдралын хүнд нөхцөлд амьдарч байгаа зэрэг наад захын эрхээ эдэлж чадахгүй байгаа олон хүүхдүүд бидний дунд амьдарсаар байна. Иймд тэдгээр хүүхдүүдийн гэр бүлд нь түшиглэсэн хүүхэд хамгааллын бодлогыг явуулах нь илүү үр дүнтэй.

            Хүүхэд рүү чиглэсэн зөв хөрөнгө оруулалт, зөв үйл ажиллагаа нь ирээдүйд илүү ихийг бидэнд авчрах хамгийн үр ашигтай алхам байх болно. Хүн амын тоогоороо улсдаа тэргүүлэгч Хөвсгөл аймаг ч мөн энэ чиглэлд анхаарч хүүхдийн хөгжил оролцоог нэмэгдүүлэх, тав тухтай тохилог орчинд сурч хүмүүжих эрхийг нь хамгаалах чиглэлээр тодорхой алхмуудыг ирээдүйн хөгжлийн хөтөлбөрийнхөө зайлшгүй нэг чухал хэсэг болгох учиртай. Уг бодлого тогтвортой бөгөөд зөв оновчтой байх нь ёстой бөгөөд үүний тулд энэ салбарт ажиллагсад, хүүхэд багачуудын санал бодлыг тусгах нь  хамгаас чухал юм.    

            Аймгийн ИТХ-аас  хүүхдийн хөгжилд анхаарал хандуулан “Оюунлаг Хөвсгөл” хөтөлбөр болон Орон нутгийн хөгжлийн сангийн 10-аас доошгүй хувийг хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулах зэрэг  бодлогын чанартай зарим тогтоол шийдвэрүүдийг гаргаад байна. “Хүүхдэд ээлтэй аймаг” болох зорилгыг тавьж буй манай аймаг  бусдын анхааралд төдийлөн ил харагдахгүй байгаа боловч эрх нь зөрчигдөж, хүчирхийлэл дарамтанд байгаа хүүхдүүд рүү чиглэсэн тусгай бодлого боловсруулж шат шатны удирдах албан тушаалтнууд болон иргэн бүрийн идэвхи оролцоонд тулгуурлан хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн олон улсын болон төрийн бус байгууллагуудыг уг үйл ажиллагаанд татан оролцуулж тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь орон нутгийн зүгээс бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна.

Энэ дашрамд Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан, болон Дэлхийн Зөн олон улсын байгууллага болон хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа дагнан явуулдаг иргэний нийгмийн байгууллагууддаа  хүүхэд рүү хандсан хөрөнгө оруулалт хийж олон сайхан бүтээлч ажлыг амжилттай хийж хэрэгжүүлж буйд нь талархал илэрхийлэхийг хүсч байна.

            Бид л зөв үнэлж бас чиглүүлж чадвал хүүхэд багачуудад маань бүтээлч санаачлага,            эрх ашиг, зорилгынхоо төлөө тууштай тэмцэж, эх орон, өсөж төрсөн нутгаа хөгжүүлэх өрнүүн их хүсэл тэмүүлэл байгаа. Хүүхэд хүүхэддээ тусалдаг, зөрчигдөж буй эрхээ өөрснөө хамгаалдаг, томчууд болон шийдвэр гаргагч нарт үгээ чөлөөтэй илэрхийлж өөрсдийн эрх ашгаа хамгаалдаг болоход нь туслах нь  бид бүхний бас нэгэн чухал үүрэг юм шүү гэдгийг бүгдээрээ анхааралдаа авцгаая.

            Хүүхдийн сайн сайхны төлөө За гэж хэлэн дэлхийн хөдөлгөөнд нэгдсэн бид бүхэн хүүхдийн эрх ашгийг хамгаалах, тэдний оролцоог нэмэгдүүлж хөгжүүлэх чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр тэгш хангахад анхаарч, хамтын ажиллагаагаагаа улам бэхжүүлж ажиллацгаая.

Хүүхэдтэй хувь заяагаа холбосон хүн бүрийн үйлс нь гийж
    Буян
заяа нь дэлгэрч байх болтугай.

 

                                    Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар

           

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%