Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл аймаг Сүхбаатарын одонгоор шагнууллаа.

2015-09-24

Өнөөдөр баяр наадмын талбайд Хөвсгөл аймагт сүхбаатарын одон гардуулах ёслол боллоо. Ёслолын эхэнд 23 сум, 1 тосгоны урлаг спорт, төрийн захиргааны байгууллагын ажил үйлс, амжилт бүтээлээрээ тэргүүлэгчдийн мэндчилгээ бүхий цуваа явж өнгөрлөө.  Монгол улсын ерөнхийлөгчийн 2015 оны 126-р зарлигаар Хөвсгөл аймагт Сүхбаатарын одон гардуулах уг үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан хүрэлцэн ирлээ. Наадмын их асарын хүндэтгэлийн суудалд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, засаг дарга А.Эрдэнэбаатар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон үе үеийн аймгийн удирдлагууд, эрдэмтэн мэргэд, заларсан байв. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөөх тэмцэлд хөвсгөлчүүд ихээхэн үүрэгтэй оролцож ирсэнийг тодотгоод ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн Ардчилсан хувьсгалыг ч Хөвсгөлчүүд анхнаас нь дэмжиж түүчээлэн оролцсоныг дурдаад Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой утсаар холбогдон мэндчилгээг нь дамжуулав. МУ-ын ерөнхийлөгч энэ цаг үед АНУ-ын Нью Йорк хотод ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатарын одонгоор шагнагдсан нийт Хөвсгөлчүүдэд баяр хүргэж хөгжил дэвшил, хамгийн сайн сайхан бүхнийг ерөөсөн юм. Аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нар үг хэлсэний дараа Хөвсгөл аймгийн сүлд дууг ХДТ-ын дуучид дуулж, Эрдмийн далай, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулиудын сурагчид мэндчилгээ дэвшүүллээ.


МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

СҮХБААТАРЫН ОДОН ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН

АЖИЛЛАГААН ДЭЭР АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА

Т.БОЛДБААТАРЫН ХЭЛСЭН ҮГ

 

            Эрхэм хүндэт  зочид, төлөөлөгчдөө, ноёд хатагтай нараа 

            Та нөхдөд энэ өдрийн мэндийг дэвшүүлж байна.

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийн ард түмэн Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнагдлаа.

            Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонг хүлээн авах ёслол хүндэтгэлийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн аймаг, сум орон нутгийн удирдлагууд, үйлдвэр аж ахуйн дарга нар, урлаг соёл, спорт, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл дарга, эрхлэгч, захирал нарт болон хүндэт, зочид төлөөлөгчид, иргэд, эрхэм ноёд хатагтай та бүхэнд аймгийн ИТХ, түүний тэргүүлэгчдийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

            Монгол орныхоо гол хойморт оршин суугаа Хөвсгөлчүүд бид өвөг дээдсээсээ авахуулаад эдүүгээ хүртэлх он цагийн олон зууны туршид өөрсдийн хийж бүтээсэн, улс эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө түүхэн үүрэг гүйцэтгэж улс, аймаг, сумынхаа хөгжил дэвшлийн түүхэнд гүн гүнзгий мөрөө үлдээсэн билээ.

            Үүний тод жишээ нь Манжийн дарлалын эсрэг Хотгойдын Шадар Ван Чингүнжавын бослого, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгалын галыг асаалцаж, дөлийг бадраахад Хөвсгөлчүүд бид тэргүүлэн оролцсон юм.

            Эдгээр бослого тэмцэл хөдөлгөөн, хувьсгалт үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын тусгаар тогтнолыг дахин сэргээж, 1990 оны ардчилсан өөрчлөлтийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлснээр манай аймгийн түүхэнд шинэ цаг тооллын шинэ хуудас нээгдэж, хөгжил дэвшлийн зам өөд өртөөлөн  явж байна.

            1931 оноос 2015 оны өнөөг хүртлэх цаг хугацааны он жилүүдэд Хөвсгөлчүүд бид ажилсаг, хийж бүтээдэг, цогцлон байгуулж чаддаг, цаашдаа ч ихийг хийж бүтээх оюуны болоод биеийн хүчний чадвартайгаа нотлон харуулсан нь  Төр засаг маань та бидний хөдөлмөр зүтгэлийг  өндөрөөр үнэлж 1986 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор”, өнөөдөр “ Сүхбаатарын одонгоор” шагнаж байна.

            Ийнхүү Хөвсгөл аймаг нь Улсдаа Сүхбаатарын одонгоор шагнагдсан 3 дахь аймаг боллоо.

            Төрийн өндөр шагнал хүлээн авч байгаа баярт мөчийг тохиолдуулан     аймаг орноо хөгжүүлэх үйлсэд өөрийн биеэр оролцож нэр алдараа дуурсгасан настан буурлууд, бүтээн байгуулалтын эзэд болж явсан ахмад үеийнхнийхээ хийж бүтээснийг өвлөн авч XXI зууны их үйлсэд хүчин зүтгэж байгаа үе үеийн удирдлагууд, иргэд, залуучууддаа аймгийн ИТХ, Тэргүүлэгчид гүн талархал илэрхийлж байна.

            Энэ шагнал нь бидний хийж бүтээснийг үнэлхийн зэрэгцээ цаашид улам ихийг хийж бүтээх их хариуцлагыг Хөвсгөлчүүд бидэнд Төр засаг маань итгэн хүлээлгэж байна.

            Бид юу хийж бүтээхээ сайтар танин мэдэж, аймаг сумынхаа нийгэм, эдийн засгийн чадавхи, дотоод нөөц бололцоо боломжоо нарийн тооцож, эв нэгдэлтэй хамтач ажиллагаанд дээд зэргээр нэгдэн эвсэж ажиллавал, их зүйлийг хийж бүтээхэд хүрэлцэх байгалийн баялаг, мал сүрэг, ажиллах хүчний нөөц, оюуны шавхагдашгүй ундарга бий. Үүнийгээ дээд зэргээр дайчлан өмнөх он жилүүдээс илүү ихийг бүтээхийн төлөө чармайн ажиллахыг хүсч байна.

            Хөвсгөл нутгийнхаа хөгжил дэвшлийг хамтдаа цогцлон бүтээцгээе.

            Хөвсгөлчүүдийн маань  мэлмий нь тунгалаг

            Өлмий нь бат, эрүүл энх, аз жаргалтай байхы

            Өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

            Та бүхнийхээ нэрийн өмнөөс Төр засагтаа баярлаж талархсанаа  илэрхийлж байна.

          

                         Баярлалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%