Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөлийн Цагааннуураас дэлхийн брэнд "Shell oil"-д хүрсэн монгол бүсгүй

2015-09-02

“Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн төгсөгч А.Хүүжийтэй ярилцлаа.

-Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Амарсанаагийн Хүүжий гэдэг. Одоо Япон улсад гэр бүлийн хамт ажиллаж амьдардаг.

-Таныг Японы төдийгүй дэлхийд нэр хүндтэй компанид инженерээр ажилладаг гэж сонссон юм байна. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ, “Shell oil” гээд газрын тосны маш том компани байдаг шүү дээ. Түүний Япон дахь охин компанид ажилладаг юм. Манай компани сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Миний хувьд нарны зайн үйлдвэрлэл, угсралтын чиглэлээр ажилладаг.

-Энэ талаар танаас хожим илүү тодруулж асууя. Харин одоо энэ амжилтад хүрэх эхлэлээ тавьж байсан тэр мөчийн талаар сонирхмоор байна л даа. Таныг их тэмцэж, зорьж байж энэ амжилтад хүрсэн гэсэн?

-Миний хувьд 2000 онд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумандаа наймдугаар ангиа төгссөн л дөө. Тухайн үед манай сумын сургууль найман жилийн сургалттай байсан учраас аймгийн төв рүү юм уу, зэргэлдээ суманд очиж үргэлжлүүлэн сурахаас өөр сонголт үлдээгүй . Эсвэл бүр сургуулиасаа гарах нэг сонголт л байсан. Аав, ээж хоёр маань ямар ч байсан охиноо сургууль номын мөр хөөлгөе гэж шийдсэн нь миний ирээдүйг шийдсэн хэрэг байж. Багадаа бас ч гэж олон олимпиадад оролцож амжилт үзүүлж байсан болохоор аав, ээж маань надад итгэж байсан болов уу. Ингээд зэргэлдээ сумандаа очиж суръя гэхээр сургалт тааруу.  Тийм учраас Улаанбаатар хотод байдаг ээжийнхээ дүүтэй ярьж байгаад Улаанбаатар хотод очиж үзье, хотод л гайгүй сургууль байгаа гэж яриад нийслэл хотоо зорьсон доо. Намар их орой, хичээл эхлэхээс хэдхэн хоногийн өмнө хотод ирж байгаа юм. Нагац эгчийнхээ гэрийн ойролцоох 84 дүгээр сургуульд орох гэсэн чинь хүүхдийн тоо гүйцсэн гээд авдаггүй. Аав, эгч хоёр захиралтай нь уулзаж хэчнээн гуйгаад ч нэмэр болоогүй л дээ. Ингээд аргаа барсан хүмүүс явж байтал 84 дүгээр сургуулийн ханан дээр “Шинэ Монгол” сургууль байгуулна гэсэн зарлал байхыг олж харсан. Ингэж л “Шинэ Монгол” сургуультайгаа анх танилцаж, шалгалт өгч тэнцээд орж байлаа. . “Шинэ Монгол” сургуульд 200 гаруй хүүхэд шалгалт өгснөөс 40 гаруйг нь л авсан. Би дөнгөж л улаан шугамны дээгүүр орж тэнцэж байлаа. Хэдий сумандаа онц сурдаг байсан ч хотын хүүхдүүдийн энд хүрэхгүй байгаа юм чинь

-Япон улсад очиж суралцахад ч амаргүй байсан уу?

- Япон явах шалгалт их хэцүү л дээ. Би Япон явах шалгалтаас гадна Анагаахад орох гээд давхар бэлдэж байсан юм. Дүү маань бие муутай учраас эмч болж, дүүгээ эмчлэх юмсан гэсэн миний ч, ээж, аавын ч битүүхэн хүсэл байдаг байлаа. Ингээд хоёр шалгалтад бэлдсэн хүн чинь яалт ч үгүй аль нэгийг нь цалгардуулж, Япон явах шалгалтдаа бага оноо авсан. Гэхдээ дараа жил нь явсан л даа. Энэ хооронд Анагаахад нэг жил сурсан. Цус харж чадаггүй хүнд хэцүү мэргэжил санагдсан. Түүнээс гадна би багадаа физик, электроникийн чиглэлийг их сонирхдог хүүхэд байсан учраас ерөөсөө Япон явж сонирхсон мэргэжлээрээ суръя гэж шийдсэн юм.

-Яагаад физик, электроник гэж. Юу чамайг энэ мэргэжил рүү татав?

-Манай Цагааннуур сум чинь Хөвсгөл аймийн хамгийн хойд талын алслагдсан сум шүү дээ. Тухайн үед гэрэл цахилгаан ч байхгүй. Лааны гэрэлд л хичээлээ давтдаг байлаа. Телевизор үзэх ч боломж гарахгүй. Өвөл -40, -50 хэмийн хүйтэнд лаа хөлдчихнө, үзгээр юм бичиж байтал бэх нь царцаад гарахаа байчихна. Ийм орчинд өссөн хүн Улаанбаатар хотод ирэхээр бүх юм нь сайхан, тав тухтай, хийх ажил ч гарахгүй. Хамгийн гол нь надад маш их сул цаг гарч ирсэн. Энэ бүх цагаа би сурч боловсрохдоо бүрэн зарцуулж эхэлсэн. Тэгээд л би цахилгаан, дулаан хүний амьдралд их нөлөөлөх юм байна, тав тух, боломж олгодог юм байна. Энэ чиглэлээр сурч төрөлх сумаа цахилгаан, дулаантай болгох юмсан гэж боддог болсон. Тухайн үед эдийн засаг муу байсан учраас энэ бол бүтэхгүй шахуу мөрөөдөл байсан юм шүү. Шинэ Монгол сургуулийнГалаа багш маань энэ талаар надад маш үнэтэй зөвлөгөө өгсөн л дөө. Бас Японд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төгссөн мундаг эрдэмтэн найзтайгаа уулзуулж, зөвлөгөө чиглэл өгч байсан. Түүнийх нь дагуу сэргээгдэх эрчим хүч, нарын эрчим хүчний чиглэлээр сурахаар болсон юм.

-Нэг зүйлийг анзаараад байхад “Шинэ Монгол”-ыг төгсч Японд сурахаар явсан хүүхдүүд бараг бүгдээрээ шахуу тэтгэлгээр сурсан байдаг юм билээ. Чиний хувьд бас адилхан уу?

-Тийм ээ, би дараа жил нь Япон явах шалгалтдаа жаахан бага оноо авчихсан юм. Гэхдээ Галаа багш маань надад боломж олгосон. Ингээд би Япон улсыг зорьж, тэндээ очоод их сургуулийнхаа шалгалтад тэнцсэн. Нэгэнт их сургуульдаа орсон учраас тэтгэлэг хамрагдсан.

-Японы Засгийн газрын тэтгэлэг үү?

-Үгүй, одоо энэ тэтгэлэг зогссон л доо. “Хигаши нихон хаус” компанийн тэтгэлэгт хамрагдсан. Манай Галаа багш бас энэ компанийн тэтгэлгээр сурч байсан юм билээ. Ер нь Японд анх очсоны дараа “Шинэ Монгол” сургуультай холбоотой ч юм уу, багшийн маань таньж мэддэг хүмүүс маш их тусалдаг байсан. “Хигаши нихон хаус” компани л гэхэд барилгын компанийн зэрэгцээ зочид буудлын том сүлжээтэй. Тэр сүлжээ буудлуудад нь хурим, том хүлээн авалт болоход биднээр цагийн ажил хийлгүүлж, тэтгэлгийнхээ хажуугаар орлого олох боломжийг олгодог байсан. Бас ажилчдынхаа байранд амьдруулах гэх мэтээр маш их боломж олгодог байсанд одоо ч талархаж явдаг.

-Японы сургалтын систем их хатуу байдаг юм шиг санагддаг. Тэнд очоод сурахад хүндрэлтэй зүйл хэр тохиолдох вэ?

-“Шинэ Монголд” сурч байхдаа нэг үгээр бол хичээлээр нүдүүлдэг байсан. Ялангуяа байгалийн ухаан, математик, физикийн хичээл их үзнэ. Зун болгон зуны сургалтууд зохион явуулна. Япон явах шалгалтад бол зуны турш өглөөнөөс орой хүртэл бэлдүүлнэ. Би лав хоёр жил зун амралтаараа гэртээ очиж байгаагүй. Тухайн үед гар утас ч гэж байсан биш, гэрийнхэнтэйгээ уулзахгүй их удахаар их л хэцүү санагддаг байлаа. Гэхдээ хожим ингэж суурийг нь сайн тавьсны ач гарсан л даа. Японы их дээд сургуульд ороод түүртэх юмгүйгээр сурч, ажил дээр гарахад хүртэл суурь сайтай байхын тусыг мэдэрч байгаа юм л даа.

-Та өөрийнхөө ажил, мэргэжлийн талаар сонирхуулахгүй юу?

-Нано буюу аравын хасах есөн зэрэгтээр хэмжигдэх эсүүдийг ургуулж цахилгааны жижиг хэсгүүд буюу “cell” гэж ярьдаг шүү дээ. Тэр ялтсуудыг хиийдэг юм. Химийн элментүүдийг зөв талстад оруулж угсарснаар цахилгаан дамжуулах чанар нь нэмэгддэг. Элементийн талсжилт өөгүй, хар үгээр бол “гоё” ургах тусмаа электрон дамжуулах чадвар нь нэмэгдэнэ шүү дээ. Бид электроны урсах замыг өөгүй, цэвэрхэн хийхийн тулд нано түвшинд химийн элементүүдийг ургуулах ажлыг хийдэг гэсэн үг. Үүнээс гадна манай компани Япондоо 1-10 мегаватт хүртэл хүчин чадалтай Нарны цахилгаан станц барьдаг. Японы Засгийн газар сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах тал дээр түлхүү анхаарч, хөрөнгө хаяж байгаа. Жишээлбэл, Нарны цахилгаан станцаас гарч байгаа эрчим хүчнийг гурав дахин өндөр үнээр худалдан авч, гурав дахин хямд үнээр хэрэглэгчдэд нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, зөрүүг нь Японы Засгийн газар төлдөг гэсэн үг. Манай компани эндээс олж байгаа орлогоо судалгаандаа зориулж, илүү хямд өртгөөр эрчим хүч гаргаж авахыг зорьж байгаа. Тэгэхгүй бол нарнаас энерги гаргаж авахад өртөг өндөртэй шүү дээ.

-Нарны цахилгаан станц барих өртөг их байдаг уу?

-Их өндөр өртөгтэй л дээ. Гэхдээ Японд энэ салбарыг бодлогоор дэмждэг учраас таван жилийн дотор зардлаа нөхчихдөг юм. Нарны цахилгаан станцын хувьд нэг барьсан тохиолдолд нарны зайн хавтангууд нь доод тал нь 20 жилийн баталгаа өгдөг, цаашаагаа 40-50 жил ч ажиллах боломжтой гэж үздэг. Тийм учраас гадна, дотнын компаниуд, арабын баячууд хүртэл Нарны цахилгаан станц худалдан авч ажилуулах болсон.

-Танай компанийн бусад компаниас ялгарах онцлог юу вэ?

-Калциум, Галиум, Сарпа, Серень гээд дөрвөн төрлийн элементээр нарын зай хийдэг. Энэ нь уламжлалт технологиос тэс өөр л дөө. Давуу тал нь нэгдүгээрт маш нимгэн, цахиурын ялтсаар хийсэн нарны зайн хавтан маш зузаан байдаг шүү дээ. Синфильм гэж ярьдаг л даа. Энэ төрөл нь болохоор маш нимгэн бөгөөд бага зардлаар их хэмжээний энерги гаргах боломжтой юм. Хямд өртгөөр бүтдэг болохоор үүнийгээ бага үнэтэй эрчим хүч гаргаж авна гэсэн үг. Ховор элементүүд бага хэрэглэгддэг. Ирээдүйд асар хямд үнээр, үнэтэй элемент орохгүйгээр, байгальд элбэг оршдог элементээр хийж чадвал асар хямд үнээр эрчим хүч гаргаж авдаг болно. Энэ чиглэлийн судалгаанууд ч эрчимтэй явж байгаа.

-Та сургуулиа төгсөөд шууд инженерээр ажилд орсон уу?

-Миний хувьд эхний хоёр жил судалгааны ажил хийж байсан. Одоо бол Нарны зайн станц барих, угсрах ажил дээр инженерээр ажиллаж байгаа.

-Тань шиг эмэгтэй инженер өөр байдаг уу?

-Яг эмэгтэй инженер гэвэл ховор. Миний хувьд хэлтэстээ ганцаархнаа эмэгтэй. Хуралд орохоор 40 гаруй эрчүүд дунд ганцаараа л сууна шүү дээ.

-Танай компани сүүлийн үед Монголыг сонирхож эхэлж байгаа гэж сонссон. Энэ талаар бидэнд сонирхуулахгүй юу. Монголд Нарны цахилгаан станц барих боломж хэр байдаг вэ?

-Ямар үндэслэлээр сонирхож байгаа вэ гэхээр Монгол орон маань сэргээгдэх эрчим хүчний маш их нөөцтэй. Мөн Хятад гээд манай урд хөрш эрчим хүчний маш их эрэлттэй байдаг. Өөрөөр хэлбэл, маш том зах зээл байна гэсэн үг. Энэ мэт шалтгаануудын улмаас Монголын сонирхох сонирхол өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа. Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх бодлого, энэ чиглэлийн судалгаанд хөрөнгө хаях асуудал дутмаг. Түүнчлэн хөрөнгө мөнгөгүйгээс болоод Нарны цахилгаан станц барихад хүндрэлтэй. Бидэнд үүнээс өмнө цэцэрлэг, сургууль барихаас эхлээд наад захын хэрэгцээ их байна л даа. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэйн хувьд Монголд том ирээдүй бий гэж боддог.

-Эцэст нь асуухад таны мөрөөдөл юу болсон бэ?

-Мөрөөдөл маань Хөвсгөлөөр хязгаарлагдахаа больсон /инээв/. Хөвсгөл маань төвийн цахилгаанд холбогдсон л доо. Гэхдээ манай улс эрчим хүчнийхээ хэрэглээний бараг 30 хувийг гаднаас импортоор авч байна. Түүнийг нь л хөвсгөлчүүд маань хэрэглэж байгаа шүү дээ. Тийм учраас бид энэ хэрэгцээгээ дотоодоосоо хангаад цаашаагаа эрчим хүч экспортолдог орон болоход мэдлэг чадвараа зориулна гэж боддог. Миний хувьд компани байгуулаад явах гэхээсээ Монгол-Японы хооронд холбох гүүр болж, энэ чиглэлийг хөгжүүлнэ гэж боддог.

Via itoim.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1357
531 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%