Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

МАА-г цаг үеийн өөрчлөлтөнд зохицуульяа

2015-06-04

“ Өөрчлөгдөж буй ертөнцөд дасан зохицохуй” сэдэвт уралдаанд 
Монголчуудыг малгүйгээр төсөөлөхөд бэрх санагдана. 
Малыг гэршүүлэх үйл явц 5000- 8000 гаруй жилийн тэртээгээс эхэлсэн бөгөөд 3 голомт бий гэж үздэгийн нэг нь төв Азийн төв хэсэг буюу Монгол орон байсан гэж эрдэмтдийн зарим нь зөвшөөрдөг. Монгол мал маань эх газрын эрс тэс уур амьсгал, байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон, жилийн 4 улиралд бэлчээрийн маллагаанд байдаг онцлог чанаруудтай билээ. Гэвч цаг уурын дулаарал, хуурайшилтын явцын хурд малын зөнгөөрөө дасан амьдрах боломжоос давж байгааг эрдэмтэн судлаачид ажиглан сануулж байна. Энэхүү сануулгыг анхаарч юу хийж байгаа билээ. Ингээд болоод л байдаг гэсэн хэнэггүй сэтгэлгээ байсаар. Зохицох гэдэг бол болж байгаа үйл явцыг төдийгүй болох гэж байгаа үйл явцыг урьчилан хараад түүний сөрөг нөлөөлөлд орохгүй байх бүхий л боломжоо дайчлах чадвар юм. МАА газар тариаланг хослуулан хөгжүүлэх замаар фермерийн аж ахуйнуудыг байгуулж хагас суурин хэлбэрт шилжүүлэх бэлтгэл хангамаар байна. Үүний наана сүргийнхээ бүтцэнд анхаарах шаардлага байгаа нь ажиглагддаг. Монгол улсын мал сүрэг 50 саяыг давж байна гэдэг боловч 46 хувийг ямаа дангаараа эзлэх болжээ. Уг нь хотонд байгаа бог малын 10 хувиас ямааг хэтрүүлэх нь бэлчээрийн талхлалтыг нэмэгдүүлдэг хэмээн өвөг дээдэс маань үзэж байсан нь шинжлэх ухааны үүднээс судалсан эрдэмтдийн саналаас зөрөхгүй байгаа. Ноолуурын үнийг нэг хэсэгтээ хөөрөгдөж сүргийн бүтцийг зориуд алдагдуулахад нөлөөлж байгааг анхаарахгүй байж болохгүй. Өндөр ашиг шимтэй, цаг уурын өөрчлөлтөнд дасан зохицсон мал сүрэгтэй байхын тулд бэлчээрийн даацандаа тохирсон нутгийн шилмэл үүлдрийн мал өсгөж түүнийгээ байгалийн бэрхшээлээс хамгаалах нөөц, чадамжтай болох ёстой. Тэжээлийн нөөцийг хангалттай бүрдүүлж байгалийн бэрхшээл тохиолдоогүй ч гэсэн малыг шахан бордож мах сүүний гарцыг нэмэгдүүлэх, бэлчээрийг зохистой ашиглах, МАА-н ажлыг механикжуулж, нүүдэлчин амьдралаа хадгалан үлдэхэд дахин суралцах цаг болсон. 
 Аливаа бэрхшээл уг бэрхшээлийг туулж гарах чадварыг төрүүлдэг. 
Уэндел Фиминс

Уламжлалт мал аж ахуйн өндөр ашиг шимтэй үүлдрүүдыг сонгож үржүүлэхийн зэрэгцээ гахай, тахиа, туулай, зөгий, загас, шувууны аж ахуй эрхлэх нь ХАА-г эрчимжүүлэх нэг чухал хэлбэр билээ. Одоогоос 300 гаруй жилийн тэртээ баруун Монголчууд гахай, тахиа, галуу, илдэнк үржүүлэн малын тарга хүч буурсан үед махыг нь хэрэглэж байсан тухай түүхэн баримтууд тэмдэглэгдэн үлджээ. 
Сая хол давсан хүнтэй Улаанбаатар хотын сүүний хэрэгцээг нутгийн Монгол үнээний сүүгээр хангана гэвэл боломжгүй тооцоо гардаг тул хот суурингийн орчимд өндөр ашиг шимтэй үүлдрийн мал эрхлэх шаардлагатай. Ийм бизнесийг дэмжиж эрх зүйн орчин ч үгүйлэгддэг. Дэлхийн цаг уурын дулаарал, байгалийн баялаг ашигт малтмалын олборлолтын зүй бус ажиллагаа, билчээрийн хэт талхлалт зэрэг нь олон зуун булаг шанд нуур цөөрмийг ширгээж усны гачаалд оруулан билчээрийг улам хомсдуулах боллоо. Үүнээс үүдэн булаг шандны эхийг хамгаалах билчээр усжуулах худаг ус гаргахад зөвхөн дээшээ харахаа больж малчид иргэн хэн боловч өөрийн боломжинд тулгуурлан тодорхой санаачлага гарган хөрөнгө хүч зарцуулж зөв ашиглах шаардлагатай байна. Монгол улсын нутаг 35 сая орчим мал өсгөх бэлчээрийн даацтай гэсэн тооцоог 1980-аад онд гаргасан байдаг. Гэтэл өнөөгийн нөхцөл байдал өөр болж судлаачдын хийсэн тооцоогоор сүүлийн 10 жилд бэлчээрийн ургац 9 дахин буурсан гэсэн үзүүлэлт гарсан байна. Энэ нь МАА эрхлэх менежментдээ тодорхой өөрчлөлт шинэчлэлт хийх шинэ арга замыг эрэхээс өөр аргагүй болж байгаа хэрэг. Энэ сануулгыг хүлээн зөвшөөрч байгаа бол төрөөс мал аж ахуйг хөгжүүлэх орчныг бүрдүүлэх бодлогодоо шинэчлэлт хийх, малчид ч энэ давагдашгүй хүчин зүйлд зохицох арга ухаанаа олох шаардлага хүссэн ч эс хүссэн ч тулгарч байна. Мал аж ахуйг эрчимжүүлэх тухай багагүй ярьж байна. Эрчимжүүлэлтийг хэрэгжүүлэх орчин хөшүүргүүдээ зөв сонгомоор санагддаг. Тухайлбал мянгат малчид шалгаруулж урамшуулдаг тэрний үр дүнд ч малын тоо олширч байна. Одоо эрчимжилтээ дэмжсэн урамшууллыг чанарын зүгт чиглүүлмээр. Хэний ямар тэмээ хамгийн их ноос өгч байна, хамгийн өндөр жинтэй хуц хэнийд байна, хамгийн их сүү өгч байгаа үнээ хаана байна, ноолуурын микрон нь нарийн гарц нь их ямаа хаана байна, хэний ямар угшлийн адуу хурдан байна тэднийгээ олж урамшуулал өгөх ажлыг бодлогын төвд тавья. Дараа нь түүгээр нийт сүргээ бүрдүүлэх ажилд оръё. Бэлчээр талхалдаг 50 гаруй сая малын ашиг шимийг өгдөг 30 гаруй сая малтай болох маягаар эрчимжих хэрэгтэй байна Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд билчээр эзэмшүүлэх ажлыг нутгийн онцлогт тохируулан сайтар боловсруулж хэрэгжүүлэхээс ажлаа эхэлмээр санагдана. Дасан зохицоно гэдэг бол эрчимжүүлнэ гэсэн үг болж таарах нь. 
МАА-н эрчимжилт тодорхой шатанд хүрэх үед билчээрийг хувьчлах асуудлыг ярьж болох юм. Өөрийн эзэмшлийн билчээртэй хүн: 
- Үе дамжин эзэмших билчээрээ хамгаалах сэргээх усжуулахад хөрөнгө хүч зарж хамгаална 
- Билчээрийнхээ даацанд тохирсон малтай байж олон тооны малаас бус тохирсон тооны малаас авах бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх замаар орлогоо нэмэгдүүлэх арга ажиллагаанд суралцана. 
- Малчид малын үржил селекцийн талаар тодорхой мэдлэг чадвартай болно. Мал зүйчдийг давтан сургах бэлтгэх шаардлага ч тулгарна. Өрхийн үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжих боломж ч бүрдэнэ. Мал аж ахуйн уламжлалт тоноглолууд чөдөр, ногт, эмээл, хазаар, бугуйл, ташуур, зэл, чагт, хөгнө гээд цаашилбал ,гутал хувцас, эсгий, араг сээзгий, авдар саваа хийж байсан уламжлалаа сэргээхэд илүүдэхгүй. 
- Өөрийн орчиндоо хөгжиж буй бусад салбаруудтай ажлаа сайтар уялдуулах хэрэгтэй. Жишээлбэл жуулчны баазын ойролцоо байгаа нэг хот айл гэхэд уг баазын зөвхөн мах, сүү, цагаан идээний хэрэгцээг хангах бус бүхий л боломжоо ашиглах . Тухайлбал зураг татуулахад нь зориулж морь, тэмээг гоёмсог тохош, эмээл, хазаар бэлтгэх, морь булгиулах, бугуйлдах, тэмээ сарлаг ачих ч гэдэг юмуу гадны хүмүүсийн сонирхлыг татах бүхнийг бэлтгэж бизнес болгон хөгжүүлэхэд суралцах. Ингэж хэмээн л МАА- г эрчимжүүлэхэд нэмэр болно. . 
МАА-н менежментийг орчин цагийн нөхцөлд тохируулан боловсронгуй болгох малын билчээрийн ашиглалт, усан хангамж эзэмшилтийг оновчтой зохицуулах, малчдын нийгмийн асуудлыг шийдэх зохистой бодлого гаргаж хэрэгжүүлэх, даатгалын тогтолцоонд бүрэн хамруулах мал эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй үр нөлөөтэй болгох асуудлыг мэргэжлийн байгууллагууд сайтар боловсруулан малчдад ойлгуулан зааж сургаж, хэрэгжүүлэх шаардлага аль хэдийн болсон. 
Ингэж байж ХАА-н салбарыг царцанги байдлаас гаргаж эрчимжүүлэх хандлагад чиглүүлж болох юм. Курт Левин ихэнх хүмүүсийн шинэ зүйлийг сурах ,өөрчлөлтийг хүлээн авах байдал нь “хөлдөнги” байдгийг тодорхойлсон билээ. Иймийн учир “ Гэсгээх” /Шинэ зүйлийг сурах өөрчлөх шаардлага байгааг зөвшөөрөх / “Өөрчлөх “ /хүлээн зөвшөөрч мэдсэн зүйлээ хэрэгжүүлж эхлэх/ “Царцаах” / шинээр мэдсэн зүйлээ амьдрал хэрэгжүүлэн үр шимийг хүртэх/ гэсэн өөрчлөлтийн циклийг тодорхойлон томъёолсон байдаг Энэ циклийг манай ХАА-н салбарт авч хэрэгжүүлэхэд илүүдэхгүй. ХАА-г эрчимжүүлэх гэдэг нь байгаль цаг уур, нийгмийн хөгжилтэй дасан зохицож амжилтанд хүрнэ гэсэн үг. МАА-г дэлхий ертөнцийн өөрчлөлттэй дасган зохицуулахын тулд өөрчлөлтийн эрхшээлд шууд өртөхгүйгээр түүнийг даван туулах бүхий л боломжийг эрэлхийлж оновчтой ашигтай хувилбарыг сонгон хэвийн байдлаар төдийгүй улам эрчимтэйгээр хөгжүүлэхийг хэлж байна. Нийт малчид төдийгүй нийт Монголчууд цаг ууртайгаа гайхамшигтайгаар зохицон амьдарч ирсэн уламжлалт арга ажиллагаагаа шинжлэх ухааны үндэстэйгээр улам баяжуулан хэрэгжүүлэхийн ерөөл өргөе. 

Увс. Нийтлэлч Ж.Доожав

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%