Одоогоос 85 жилийн өмнөх энэ өдөр буюу 1937 оны 10 дугаар сарын 21-нд Улсын төв театрт олныг цочроосон “шүүх хурал” болж уг “шүүх хурал”-аар төр, засаг болон цэргийн зүтгэлтэн 14 хүнийг оруулж, “Монголчуудыг нэгтгэсэн Пан Монгол Улсыг Японы дэмжлэгтэй байгуулах гэж байсан”, “Гэндэн, Дэмидийн толгойлсон Японы тагнуул, хувьсгалын эсэргүү байгууллага”-ын идэвхтэй гишүүн гэх хилс хэргээр ялласан. Дорнод аймгийн дарга О.Шагдарыг буудан алваас зохих ч “уг эсэргүү ажилд бусдаас оролцоо бага” гэж 10 жилийн хорих ял оноож, УБХ-ын тэргүүлэгч Б.Ламжавын амийг өршөөн мөн 10 жилийн хорих ял оноож бусад 12 хэлмэгдэгчийг “шүүх”-ийн шийдвэр гарсан даруй Сонгинохайрхан уулын зүүн хойд аманд буудан хороожээ.
- “...Би хэрэг хийгээгүй, хилс үхэж байна. Улаан яргачид ялаа эдэлж, үнэнийг хэлэх цаг ирнэ ээ...”,
- “...Үүнээс хойш ийм хилс хэрэг битгий хийгээрэй...”
- “...Монгол Улс мандтугай, Бидний үнэн зөвийг хойч үеийнхэн гэрчилнэ...”
гэх зэрэг үгсийг хэлж алтан амиа алдсан тэдгээр төр, засгийн зүтгэлтэнгүүд бол:
- Г.Самбуу - БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын яамны сайд
- Л.Дарьзав - Цэргийн явдлын яамны орлогч сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогч, корпус командлан захирагч
- Б.Очирбат - Цэргийн явдлын яамны Тагнуулын газрын дарга асан, бригад командлан захирагч
- Д.Яндаг - МҮЭ-ийн Төв зөвлөлийн дарга, Монгол тээхийн дарга асан
- Ж.Малж - Жанжин штабын дарга, корпус командлан захирагч
- М.Ядамсүрэн - Улсын Төв театрын дарга
- Ц.Өлзий - Цэргийн тагнуулч, хурандаа
- Ц.Өлзий-Очир - БНМАУ-ын Засгийн газрын нарийн бичгийн дарга
- Ц.Баттөмөр - Ардыг гэгээрүүлэх яамны сайд
- Д.Жамьянжав - ЦЯЯ-ны харьяа Хуягт бригадын дарга, бригад командлан захирагч
- Л.Дэндэв - Бүх цэргийн эмнэлгийн албаны дарга
- Ё.Жигжид - БНМАУ-ын Хоршоодын төв холбооны орлогч дарга нар болно.
ХАЛУУН ИТГЭЛ ЦӨХӨРСӨН ХАТАН ЗҮРХ ШАРХИРСАН ХАР ДАРСАН ОН ЖИЛҮҮДИЙГ #ХАМАГ #МОНГОЛЧУУД #БҮҮ #МАРТАГТУН