Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор 17 дахь жилдээ явагдаж буй "Иргэний андгай өргөх ёслол"-ын арга хэмжээг Монгол улсыг тунхагласан түүхт өдрийг угтан Хөвсгөл аймагт өнөөдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээний зорилго нь 16 нас хүрч буй залуучуудаар иргэний андгай өргүүлэн, иргэний үнэмлэхийг нь ёс төртэй гардуулж, түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхэд чиглэгдэв.
Ёслолд 16 нас хүрч буй 250 орчим хүүхэд, залуучууд урилгаар оролцож, андгай өргөсөн бөгөөд тэдний төлөөлөл 23 залуу иргэний үнэмлэхээ гардан авлаа.
Үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох тэргүүтэй хүмүүс ирж оролцон хүүхэд, залуучуудад хандан баяр хүргэж үг хэлсэн бөгөөд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Гончиг "Одоо ба ирээдүй", Мөрөн сумын ЭДЦС-ийн сурагч, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүлэгч Н.Тэмүүлэн нар "Залуучууд бидний зорилго" сэдвээр лекц уншлаа.