Аймгийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаан 2019 оны 04 сарын 03-ний өдөр боллоо. Уг хуралдаанаар 2018 оны давсан орлого, дансны үлдэгдэл хуваарилах тухай, Хөвсгөл аймгийн уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ. Уул уурхайн салбарын асуудлын хүрээнд Могойн гол ХК-ийн өнөөгийн байдлын талаар хэлэлцэж экспортод гаргах нүүрсийг 2019 оны 04 сарын 10-аас эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглосон байна. Ингэхдээ Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газраас акт тавьсан үндсэн 6 шаардлагад туссан зөрчлийг арилгасан тохиолдолд экспортод дахин нүүрс гаргах боломж бүрдэх юм. Орон нутгийн өмчийн оролцоотой Могойн гол ХК нь эзэмшлийн хувьд 51% нь Хөвсгөл аймгийн өмчлөлд, 49% нь иргэд, ААН-үүдийн өмчлөлд байдаг юм. Олон жилийн туршид техникийн шинэчлэл хийгдээгүй, Хөвсгөл аймаг, Завхан аймгийн цөөн хэрэглэгчдэд нүүрсээ борлуулж ирсэнээс компанийн үйл ажиллагаа доголдох хэмжээнд явж ирсэн бөгөөд 2017 оны сүүлээс экспортод нүүрс гаргаж эхэлснээр компани ашигтай ажиллаж орон нутгийн төсөвт ноогдол ашиг төвлөрүүлэн тэр хирээр ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал ч мөн шийдэгдэж эхэлсэн юм. Нүүрс тээвэрлэх болсноор Мөрөн хотын Эрдэнэт хоттой холбосон хатуу хучилттай авто зам, гүүрэн байгууламж зэрэгт суулт өгөх, эвдрэл гарах болсон зэргээс шалтгаалан дээрх зөрчлөө арилгах хүртэл нүүрс экспортод гаргахыг хориглолоо.
Сүүлийн үед цахим орчинд болон ард иргэдийн дунд Аспайр майнинг компанийн Овоотын нүүрсний орд, түүнийг ашиглах, Эрдэнэт-Овоотын хатуу хучилттай авто зам барих асуудлаар маргаан үүсэх болсон. Нутгийн ард иргэд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, иргэд олон нийтийн дунд явж буй маргаантай олон асуудалд хариулт өгөх зорилгоор тус компанийн мэдээллийг ИТХ-ын төлөөлөгчид, газар, хэлтэс агентлагийн удирдлагууд, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд нээлттэй сонсголоо.
Аспайр майнинг компани нь тус ордыг ашиглах тохиолдолд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэх бөгөөд тус орд болон Эрдэнэт-Овоотын хатуу хучилттай зам ашиглалтанд орсоноор 1200 түр болон байнгын ажлын байр шинээр бий болж эхний 10 жилийн байдлаар улсын төсөвт 2.1 их наяд, орон нутгийн төсөвт 280 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлэх тооцоолол байгаа талаар тус компаний мэдээлэлд дурдсан юм. ИТХ-ын төлөөлөгчид болон Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл сонирхсон асуултаа тус компаний холбогдох хүмүүсээс асууж тодруулсан бөгөөд тус хуралдаанаас дээрх орд болон хатуу хучилттай авто замын талаар ямар нэгэн шийдвэр гарахгүй зөвхөн мэдээлэл сонсох үйл ажиллагаа явагдсан бөгөөд тус ордтой холбоотой шийдвэр гаргахад нутгийн иргэдийн дуу хоолой, саналыг үндэслэж шийдвэр гарах болно гэдгийг Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар онцолж хэлсэн юм.