МУСТА бүжиг дэглээч Г.Дорж агсан Говийн жонон бүжгийг анх 40 жилийн өмнө дэглэн тайзнаа амилуулж байсан бол түүний нэрэмжит "Говийн жонон" бүжгийн наадмыг 29 дэх жилдээ аймгийн ЗДТГ, БСУГ, ХЖТ, НАМЗХ хамтран амжилттай зохион байгууллаа.
Сурагчдын авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг соёлын алдартнуудаа мөнхжүүлэн, үйл хэргийг нь залгамжлуулах зорилготой уг наадамд 9 сумын 15 сургууль, 13 цэцэрлэгийн 420 гаруй сурагч, хүүхэд багачууд авъяас чадвараа сорин өрсөлдлөө. Тус наадмын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир гардуулан баяр хүргэлээ.
Өмнөговь аймаг 2019 оныг салбарын хүрээнд Соёлыг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор энэ жил Соёлын салбарт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд аймгийн төвд 850 хүний суудалтай ХЖТеатр, Музейн барилгуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн Соёлыг дэмжих жилийн нээлтийн үеэр 15 сумын Соёлыг төвд пургон машиныг гардуулан өгсөн бөгөөд мөн сум бүрийн соёлын төвийг 15 сая төгрөгний техник хэрэгслээр хангахаар болсон билээ.
Говь нутгийнхаа түүх соёлын биет болон биет бус үнэт өвүүдийг хадгалан хамгаалахад иргэн бүр сэтгэл зүтгэл гарган хамтран ажиллахыг уриалж байна.