Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Эх орончдын баярын мэнд хүргэе

2019-03-01

Эх орондоо хайртай иргэн бүрийн хүндэтгэн тэмдэглэх ёстой Эх орончдын яруу алдарт 98 жилийн ойн баярын халуун мэндийг энэхүү индэр дээрээс та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Тэртээ 1921 оны энэ өдөр түүхийн хуудаснаа Монгол улсын төдийгүй Ази тивийн анхны улстөрийн нам үүсэн байгуулагдсан гэдгээрээ тэмдэглэгдэн үлдсэн нь бидний хувьд томоохон бахархал, омогшил юм.

Нэгэн цагт дэлхийн талыг эзлэн энхтайван, шударга ёсыг тогтоон дэлхийн бодлогыг тодорхойлж явсан Монголчууд бид түүхийн адармаатай нугачааг гатлан туулсаар ХХ зууны эхэн гэхэд сөнөж мөхөх, сэхэж мандахын аль нэгийг сонгох түүхэн хариуцлагын өмнө тулж ирсэн бөгөөд Монгол ардын нам үүсэн байгуулагдсанаар ард түмний эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх их тэмцлийг галыг асаасан түүхэн үйл явдал болсон юм.

Туурга тусгаар улсаа сэргээн босгож, Тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж,хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амиа өргөсөн үе үеийн Эх орончдынхоо гавьяа зүтгэлийг бид эгнэгт мартах учиргүй. Тэр тусмаа өнөө цагийн хүүхэд багачуудад тусгаар тогтнол, эх оронч үзлийг төлөвшүүлэх, өнгөрсөн үеийн түүхийг үнэн зөвөөр ухамсарлуулан ойлгуулахад бүх нийтээрээ анхаарах цаг нэгэнт бий болжээ. Техник технологийн хөгжлийг дагасан цахим хэрэглээ нь нэг талдаа давуу тал нөгөө талдаа хуурамч мэдээллийг хяналт шүүлтүүргүй түгээх нэг арга хэрэгсэл болж үе үеийн баатарлаг эх орончдын түүхийг мушгин гуйвуулах, үнэ цэнийг нь унагах зэрэг үйлдлүүд гарах болсон нь харамсалтай.

Монгол ардын нам нь төр барьсан цаг хугацаагаараа ч тэр, түүхэнд гүйцэтгэсэн үүргээрээ ч тэр энэ улс орны хувь заяанд хамаарах олон чухал зүйлсийг шийдвэрлэсэн гэдгээрээ хэзээд ялгаран үлдэх болно.

Үе үеийн эх орончдын халуун амь бүлээн цусаар бий болсон өнөөгийн улс орноо хөгжүүлэх, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахад хүүхэд залуус, хүн бүрийн оролцоо чухал юм.

“Цаг хугацаа өөрөө баатраа төрүүлдэг” хэмээх үг байдаг. Бүрэн эрхэт, тусгаар тогтносон Монгол улсын тусгаар тогтнолын дархлаа нь өөрөө түүхийн бүхий л цаг хугацаанд  эх орноо гэсэн чин сэтгэлтэй, халуун цуст эх орончид байсаар ирсэн, цаашид ч байсаар байх болно.

Эцэг өвгөд, өвөг дээдсээс өвлөж ирсэн эх сайхан орноо ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд хүн бүр хичээн зүтгэж, эх орноо хайрлах сэтгэлийг ганц энэ өдөр бус өдөр бүхэн санаж явахыг хүсье.

Та бүхэндээ Эх орончдын баярын мэндийг дахин дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол улс өнө мөнхөд мандан бадрах болтугай.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%