
Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат дүүргийн Ёс зүй, өргөдлийн хорооны 2018 оны тайлан, өргөдөл гомдлийн шийдвэрлэлтийн байдлыг танилцууллаа. Хуралдааны үеэр Ёс зүй, өргөдлийн хорооны гишүүд ёс зүйн алдаа дутагдал гаргасан төрийн албан хаагчдын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар саналаа хэлж цаашид ёсзүйн зөрчил гаргасан албан хаагчдад оногдуулах сахилга, хариуцлагын талаар нэгдсэн цогц хөтөлбөр гарган ажиллах чиглэл өглөө.

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Ёс зүй, өргөдлийн хорооны хариуцах асуудлын хүрээнд төрийн албан хаагчдын баримтлах ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган ажиллах талаар тусгагдсан бөгөөд гишүүдийн 100 хувийн саналаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив.

Төрийн албаны тухай шинэчилсэн хууль 2019 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжихтэй холбогдуулан дагалдан гарах дүрэм журамд нийцүүлэн төрийн жинхэнэ албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагыг шинэ шатанд гаргахад чиглэн Засаг даргын Тамгын газраас батлагдан гарах дүрэм, журамд хариуцлагын тогтолцоог нарийн тусгах талаар гишүүд Засаг даргын Тамгын газарт чиглэл болголоо.
Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагыг шинэ шатанд гаргах цогц хөтөлбөр батлагдсанаар төрийн үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчдын харилцаа, хандлага хариуцлагын тогтолцоо нарийсч, улмаар хүнд суртал, авилга, албан тушаалаа хэтрүүлэн ашиглах зэрэг зөрчил дутагдал арилах юм.
ИТХ-ЫН ЁС ЗҮЙ ӨРГӨДЛИЙН ХОРОО
