Аймгийн Онцгой комиссын 7-р хуралдаанаар Хөрш зэргэлдээ аймгуудад гарсан малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний явц, байдлын талаарх асуудлыг хэлэлцлээ.
Хөвсгөл аймгийн зэргэлдээ орших Булган, Орхон аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч дээрх аймгууд хяналтын дэглэмд байгаа. Малын шүлхий өвчин нь богино хугацаанд өргөн уудам нутаг, улс тивийг хамран тархаж, олон төрлийн гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдыг өвчлүүлдэг, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг олон улсын хорио цээрт, вирусын гаралтай гоц халдварт өвчин юм. Шууд бус халдвартай нутаг дэвсгэрт буй хүн, машин, хувцас, хэрэгсэл зэргээр ч дамжих боломжтой. Одоогоор Булган, Орхон аймгуудад 388 өрхийн 4551 мал шүлхий өвчнөөр өвчилсөн байдалтай байна. Улаанбаатараас Хөвсгөл аймаг руу чиглэсэн хөдөлгөөн өнгөрөгч хоёр өдрийн байдлаар 1824 автомашинаар 9127 зорчигч зорчсон байна. Тиймээс өөр аймгийн нутаглаж байгаа малчдыг аймагтаа эргэн орж ирэхэд нь малыг нь ариутгах, хяналт тавих, Мөрөн сумын нутаг дэвсгэрт оторлох, шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллах, байнгын эргүүл пост ажиллуулан зөвлөмж өгөх, отор нүүдэлд яваа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахаар боллоо.