Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлагаар “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-өөс орон нутгийг эко ариун цэврийн байгууламжтай болголоо. Тус төслийг Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банк, Байгаль орчин аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Бест авто тюнинг” компани ажилласан байна.
Төслийн хүрээнд 50 ариун цэврийн байгууламж, усан зогсоол, нийтийн отоглох цэг, Хатгал, Ханхын нэвтрэх цэг, сумын төв, соёлын төв, эмнэлэг, гэр буудал, өрхийн хэмжээнд загвар болох ариун цэврийн байгууламжийг барьжээ. Үүнээс Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт 16 эко ариун цэврийн байгууламжийг нь байршуулснаар нуур бохирдохоос сэргийлэх боломж бүрдэж байна.
Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, зориулалтын ариун цэврийн байгууламжгүйн улмаас нуур бохирдох эрсдэлд хүргээд буй. Төслийн зүгээс тус ариун цэврийн байгууламжийн технологийг сонгохдоо цэвэр усны томоохон эх үүсвэр болох Хөвсгөл нуур орчмын байгаль цаг уурт тохирсон, усны зарцуулалт бага буюу огт ус ашигладаггүй, хуурай аргын, хөрс усны бохирдол үүсгэхгүй, жуулчид, аялагчдын тав тухыг хангах зэрэг олон шаардлагыг харгалзан үзэж байж тодорхойлсон гэдгийг хэлж байлаа.
Мон 9183 төслөөс орон нутагт эко ариун цэврийн байгууламжуудыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд Байгаль орчин аялал жуулчлалын яамны ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх, Япон улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны 2дугаар нарийн бичгийн дарга Рейко Хозуми, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох, төслийн менежер Т.Эрдэнэжаргал болон төсөл хэрэгжиж буй 6 сумын төлөөлөл оролцлоо.