“Хөвсгөл Эрчим Хүч” ХХКомпанийн гүйцэтгэх захирал, Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч Монхоон
Пүрэвсүрэн 2017 оны 06 сарын 19-ний өдөр албан ажлаа гүйцэтгэж яваад зуурдаар
нас нөгчиж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Монхоон Пүрэвсүрэн нь 1969 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул
суманд төрсөн. 1987-1992 онд Монгол Улсын ШУТИС- ийг Дулааны инженер мэргэжлээр, 1994-1997 онд Монгол Улсын ШУТИС- ийг хүнсний технологич
мэргэжлээр тус тус төгсөж, 2010 онд цахилгааны мэргэшсэн инженер, 2014 онд
Монгол улсын дулааны зөвлөх инженерийн зэрэг тус тус хамгаалсан юм
М.Пүрэвсүрэн нь 1992 – 1996 онд Хөвсгөл
аймгийн Цагаан – Уул сумын “Бадрал” нэгдлийн аж ахуйн нярав, тооцооны нягтлан
бодогчоор ажил амьдралын гараагаа эхэлж, 2000-2001 онд “Хөвсгөл ХАА” ХХК-д
ерөнхий инженер, 2001- 2006 онд “Мөнгөн Үсэг” ХХК- ийн захирал, 2003-2009 онд “Нэмэх
Хасах” ХХК – ийн ерөнхий инженер, захирал, 2003-2006 онд “Номин даатгал”ХХК-ийн
Хөвсгөл аймаг дахь салбарын захирал, 2009
оноос “Хөвсгөл Эрчим Хүч” ХХК –ийн захирлаар
ажиллаж өөрийн авъяас билэг, хүч хөдөлмөрөө нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө
зориулан ажиллаж ирсэн авъяаслаг удирдагч, тэргүүний сэхээтний нэг байлаа.
Тэрээр 2008-2016 онуудад Цагаан-Уул
сумын иргэдийнхээ итгэлийг хүлээн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдож,
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны
гишүүнээр, аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгч гишүүн, Цагаан-Уул сумын МАН-ын хорооны дарга, Цагаан-Уул сумын Нутгийн зөвлөлийн дарга, аймгийн Волейболын холбооны
тэргүүлэгчээр тус тус сонгогдон үр бүтээлтэй ажиллаж байлаа.
Талийгаач М.Пүрэвсүрэн нь аймгийн ИТХ-ын
төлөөлөгч, Тэргүүлэгчээр сонгогдон ажиллах хугацаандаа Нутгийн өөрөө удирдах
байгууллагыг хөгжүүлэх, бэхжүүлэх, ард иргэдийнхээ элч төлөөлөл нь байж аймаг
орон нутгийнхаа хөгжлийн бодлогыг тодорхойлох, иргэд, ААН, албан байгууллагуудыг
найдвартай эрчим хүчээр хангахын төлөө идэвх санаачилга гарган ажиллаж байсан
юм.
Түүний
хичээнгүй хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Түлш эрчим хүчний
салбарын Тэргүүний ажилтан, Эрчим хүчний салбарын Шилдэг удирдагч, Ажил олгогч
эздийн нэгдсэн холбооны хүндэт медаль, Эвлэлийн төв хорооны Алтан медаль,
Биеийн тамир спорт хорооны Тэргүүний ажилтан, Монгол улсын Төрийн дээд шагнал
“Хөдөлмөрийн хүндэт медаль”, болон бусад ойн медалиудаар
шагнаж урамшуулжээ.
Талийгаачийн улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар,
хүнлэг, энэрэнгүй сэтгэл бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.
Түүний ээж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан,
найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН
БОЛТУГАЙ.
УИХ-ЫН
ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН, Ц.ДАВААСҮРЭН, Л.МӨНХБААТАР
АЙМГИЙН ИТХ, ТҮҮНИЙ ТЭРГҮҮЛЭГЧИД, ЗАСАГ ДАРГА, ЗДТГ,
ОНӨГ, АЙМГИЙН МАН-ЫН ХОРОО
“ХӨВСГӨЛ ЭРЧИМ ХҮЧ”
ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, “ХӨВСГӨЛ ЭРЧИМ ХҮЧ” ХХК,
“НЭМЭХ ХАСАХ”
ХХК-ИЙН ХАМТ ОЛОН
2017 . 06 . 21